Монголын 20 тн ноолуурыг Италийн тал хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-22 16:08:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ханбогд Кашимер ХХК-ийн Итали улс руу газраар тээвэрлэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн боловсруулсан ноолуурыг өнөөдөр хүлээн авснаа мэдэгджээ.


Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж чанартай, самнасан ноолуурыг хүлээн авснаа ийнхүү Итали улсын Falconi S.R.L болон Lanificio Luigi Colombo S.P.A компанид нийлүүлжээ.


“Ханбогд кашимер” компани урьд нь ноолуураа Итали улс руу экспортлохдоо БНХАУ-аар дамжуулан 90-100 хоногийн хугацаа зарцуулж байсан бол Болгар улсын тээврийн компани Монголоос энэ сарын 2-нд газраар 20 хоногт тээвэрлэн хүргээд байна. 



Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй. Тодруулбал, тухайн ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн нь шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг аж.


Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог.  ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм.





Холбоотой мэдээ