“Хүүхэд хөгжүүлэх Хөдөлмөр зуслан” хөтөлбөрийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-21 21:42:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Хүүхэд хөгжүүлэх Хөдөлмөр зусланхөтөлбөрийн уралдаан зарласан байна.

Сурагчдад хөдөлмөрөөр дамжуулан амьдрах ухааны боловсрол олгох, бүтээлч, шинийг санаачлагч, хөдөлмөрч, идэвхтэй иргэн болгон хөгжүүлэх, төлөвшүүлэх зорилгоор уг уралдааныг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зарлаж, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллаж байна.

Хөдөлмөр зусланг малчин, тариаланч, хот айл, бүлэг, нөхөрлөл зэргийг түшиглэн анги хамт олон, баг, сонирхлын бүлгээр зохион байгуулах бөгөөд мал маллах, зүсэлж таних, мал ноослох, ноос савах, сааль саах, сүү цагаан идээ боловсруулах, төмс хүнсний ногоо, үр тариа, малын тэжээл, жимс жимсгэнэ тариалах, услах, арчлах, хураах, боловсруулах ажилд суралцах юм.

Мөн ахуйн хөдөлмөр, байгаль экологио хайрлан хамгаалах, хувь хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрт хамрагдах аж. “Хөдөлмөр зуслан” хөтөлбөрийн нэг ээлж 14-өөс ихгүй хоног, нэг ээлжинд хамрагдах хүүхдийн тоо 15- аас ихгүй байхаар тооцжээ. “Хөдөлмөр зуслан" хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрийг 8 дугаар сарын 20 хүртэл хэрэгжүүлэх бөгөөд аймгаас томилогдсон ажлын хэсэг тус удирдамжид тусгагдсан үзүүлэлтийг үнэлж, шилдэг сургууль, хамт олныг шалгаруулах ба тэргүүн байр 3 сая, дэд байр 2 сая, гутгаар байр 1 сая, тусгай байр 500 мянган төгрөгийн шагналтай аж.

Холбоотой мэдээ