Вакцинд хамрагдсан хүүхдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-06-21 16:32:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдан вакцины эхний тунгаа хийлгэсэн хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.


Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн албанаас тодруулбал, Засгийн газрын тогтоолд “Дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасны дагуу хүүхдүүдэд мөн урамшуулал өгнө гэж мэдээллээ. Ингэхдээ заавал бүрэн тунд хамрагдахыг хүлээлгүй эхний тунгаа тариулсны дараа хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжүүлэх юм байна.  


Манай улсад 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр явагдаж буй юм. Хүүхдүүд вакцинд хамрагдахдаа эцэг эхийн хамт ирж, тэдний зөвшөөрлөөр хийлгэх юм. Өнөөдрийн байдлаар 3264 хүүхэд вакцинд хамрагдаад байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Улсын хэмжээнд 16, 17 насны 80 мянга орчим хүүхэд бий.


Холбоотой мэдээ