Ачаа тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгаж, үүрэг чиглэл өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-21 14:10:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаанаар Дорноговь, Өмнөговь аймгуудад Шуурхай бүлэг томилох асуудлыг хэлэлцэж, улмаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ЗТХЯ, ГЕГ, МХЕГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын багийг энэ сарын 15-30-нд ажиллуулахаар шийдвэрлэсэн.


Ажлын багийнхан өчигдөр Замын-Үүд боомтын ажилтай танилцсан бөгөөд энэ үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал коронавируст халдвартай тэмцэхэд тулгамдаж буй асуудал, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, харилцан санал солилцжээ.


Мөн ажлын баг улс хоорондын ачаа тээвэрлэлт, гаалын хяналтын бүс, боомтын халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, үүрэг чиглэл өгсөн. Ажлын баг Өмнөговь, Дорноговь аймгийг ногоон бүс болгох, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулах, экспортыг нэмэгдүүлэхэд үүсч буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ажиллаж байгаа юм.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ