Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй ачаа тээвэрлэлтэд шалгалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-24 10:13:19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй  аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах тухай” А/520 дугаар захирамж гаргав

Захирамжаар дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашин даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж зам, замын байгууламжийг эвдэх, элс, хайрга, шороо асгах, дуут дохио өгөх, тоос, шороо ихээр босгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан талаар санал, гомдол гаргаж байгаатай холбогдуулан Нисэхийн тойргоос Био, Шувуу хүртэлх автозамд ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарлах, хорооллын дотор дуут дохио өгөхийг хориглох болон заах тэмдгүүдийг байрлуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт, шаардлагатай газруудад тэмдэг байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт, тэмдэг байрлуулах ажилд хяналт тавихыг нийслэлийн Авто замын газарт

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн технологийн зам маршрут, ачаа тээвэрлэлтэд хяналт шалгалт явуулахыг нийслэлийн Тээврийн газарт, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт

Хан-Уул дүүргийн 8, 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хатуу хучилттай автозамд цэвэрлэгээ үйлчилгээг хийж, тогтмол хяналт тавьж ажиллахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт

Түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэлтийн үйл ажиллагааг технологийн замаар ачаа тээвэрлэх ажлыг зохион байгууллахыг “Элс, хайрга, дайрга, үйлдвэрлэгч компаниудын  холбоо” Төрийн бус байгууллагад

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийх хяналтад шаардагдах нийт 26 сая 063 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт

Хяналт тавих үйл ажиллагаанд оролцох ажилтнуудын цалингийн зардлыг холбогдох хууль журмын хүрээнд байгууллагын батлагдсан цалингийн зардлаас тооцож олгохыг нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ