Чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-17 17:28:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.


Хуулийн төсөлд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлжээ. Үүнд: 


1.Хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх, нэр томьёо зэргийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн 8 суурь конвенц ялангуяа 1999 оноос хойш нэгдэн орсон 4 суурь конвенц, зөвлөмж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэх; 


2.Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй нь хуулийн хамрах хүрээг явцуу болгож, практикт ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулах, ингэснээр ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдэлж чадахгүйд хүрч хохирох асуудал түгээмэл гарсаар байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны 2016 оны 4 дүгээр улирлын статистик мэдээгээр Монгол Улсын эдийн засгийн идэвхитэй хүн ам 1 239 800 байгаагаас 1 132 800 буюу 91.4 хувь нь ажилтнууд байна. Үүнээс хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 352.2 мянга, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээний салбарт 172.73 мянган ажитан байгаа нь нийт ажиллагчдын 46.3 хувийг эзэлж байна. Эдгээр салбарт ажиллаж байгаа ажилтнуудын дийлэнхтэй нь ажил олгогч бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс ажилтнууд хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж чадахгүй байдал түгээмэл гарч байна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьсан талаарх тайлангаас үзвэл 2013 онд хяналтад хамрагдсан нийт аж ахуйн нэгжийн 17.4 хувь, 2014 онд 24.5 хувь, 2015 онд 18.1 хувь нь ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчилтэй байжээ.  Иймд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хөдөлмөрийн харилцаа үүсэхэд хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагыг өндөржүүлэхээс гадна ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх талаар хуульчлах; 


3.Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлснээс хойшхи хугацаанд манай улсын эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд нилээдгүй гарсан ба хөдөлмөрийн харилцаа хэлбэр, агуулгын хувьд гүнзгийрэн өргөжиж шинэ арга хэлбэр, чиг хандлага бий болсоор байна. Тухайлбал хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллах /туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан гэх мэт/, алслагдмал газар байрлаж ажил, үүргээ гүйцэтгэх зэрэг шинэ хандлага, арга хэлбэр нэвтэрсээр байна. Эдгээр хөдөлмөр эрхлэлтийн шинэ харилцааг зохицуулах эрх зүйн орчин дутмагаас иргэдийн хөдөлмөрлөх эрх ашиг хохирох, хөдөлмөрийн харилцаанд үл ойлголцол үүсэх, холбогдох этгээд хариуцлага хүлээхгүй өнгөрөх зэрэг нөхцөлийг бүрдүүлж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс хөдөлмөр эрхлэлтийн эдгээр төрөл, хэлбэрийн харилцааг хуульчлах; 


4.Хөдөлмөрийн харилцаанд тавих төрийн хяналтын талаар одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нарийвчлан тусгагдаагүйгээс хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, ажилтан, ажил олгогчийн эрх зөрчигдөх үр дагавар гарч байгаа тул олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өөрчлөлт оруулах; 


5.Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх анхан шатны нэгж боловч аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах үүргийг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тусгаагүйгээс тус комиссыг байгуулахгүй байх тохиолдол түгээмэл гарч, Хөдөлмөрийн маргаан анхан шатандаа шийдвэрлэгдэж чадахгүй байна. Иймд Хөдөлмөрийн маргааныг аль болох анхан шатандаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгах.


Хуулийн төслийг талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас хариулт авч байна. Асуулт хариултын дараа ажлын баг болон УИХ-ын гишүүдээс гаргасан 159 гаруй зарчмын зөрүүтэй саналаар санал хураах юм.

Холбоотой мэдээ