Монгол хүний бүтээмж, өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-17 16:36:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Төсөл 2 заалт, 7 дэд заалттай гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжиж, монгол хүний оюуны чадавхи, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгасан зохицуулалтыг тусгажээ.


Тогтоолыг баталснаар өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэстний дархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой болохыг хуулийн төсөл санаачлагч танилцуулгадаа дурдав.


Ийнхүү “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ