Хөдөө аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлэх боломжийг судаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-17 14:28:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жендэрийн үндэсний хороо, эрдэмтэн судлаачидтай хамтран уур амьсгалын өөрчлөлт нь мал цөөн, орлого бага, өрх толгойлсон малчдад илүү тусаж байгааг судалжээ.


Судалгаа нь бэлчээр, тал нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, нүүдэлчин амьдралын хэв маягт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах бодлогыг жендэрийн мэдрэмжтэй тодорхойлох зорилготой.


Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд манай улсын хөдөө аж ахуйн салбарын 84.9 хувийг бүрдүүлж буй нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин өрхүүд өртөж байна. Энэ нь орон нутагт амьдардаг гэр бүлийн жендэрийн харилцаанд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн тогтвортой байдлыг алдагдуулах шалтгаан болж байна. Цөлжилт, хөрсний хуурайшилт аж ахуй эрхлэхийг хүндрүүлснээр холын нүүдэл хийх нь нэмэгджээ. Мөн мал аж ахуй, тариалан эрхлэгчдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас гадна ажлын ачааллыг нэмж, гэр бүл тусдаа амьдрахад хүргэж байна.


Энэ бүх хүчин зүйлийг эерэгээр даван туулах,орлогын эх үүсвэрээ тодорхой системтэйгээр нэмж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг эрэлхийлсэн говь, хангайн бүсийн долоон аймгийн сонгогдсон сумдад хийсэн судалгааг танилцуулж, үр дүнг үндэсний симпозиумаар хэлэлцлээ.


Архангай аймгийн Батцэнгэл, Өндөр-Улаан суманд хийсэн судалгаагаар, малчин өрхийн эмэгтэйчүүд өрхийн худалдан авалт болон цагаан идээ борлуулалтаас олох орлогод зонхилох үүрэг оролцсоноор гэр бүл дэх байр суурьт эерэгээр нөлөөлжээ. Энэ нь малчин өрхийн эмэгтэйчүүд гэр бүлээ тэжээх, орлого олох чадваргүй гэсэн жендэрийн хэвшмэл хандлагыг үгүйсгэж байгаагийн илрэл аж.


Малчин эмэгтэйчүүд хөрөнгийн хариуцлага бүхий бизнесийн нэгдэл, хоршооллыг үүсгэх нь өрхийн аж ахуйн үр ашгийг нэмэх, технологи нэвтрэлтийг түргэсгэх давуу талтай. Энэ чиглэлээр эхлүүлсэн олон ажил урт хугацаанд, тогтвортой урт хугацаанд биш байгааг салбарын мэргэжилтнүүд тодорхойлж, дараагийн шатны үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь үр дүнтэйг судлаачид онцоллоо.


Симпозиумд 21 аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, жендэрийн үндэсний шинжээч, жендэрийн салбар зөвлөл, яамдын ТНБД, жендэрийн  мэргэжилтэн, судалгаанд хамрагдсан сумдын холбогдох албан тушаалтан, олон улсын байгууллага, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, ИНБ-ын төлөөлөл оролцсон юм. Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, АХБ-ны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий нар симпозиумыг нээж үг хэлж, Улсын их хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх нар мэндчилгээ дэвшүүллээ.


Судалгааг Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хороо, АХБ хамтран Японы сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй ядуурлыг бууруулах “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд хийжээ.


Өнгөрсөн гуравдугаар сард таван судлаачийг сонгон шалгаруулж тус бүр 2 500 ам.доллар, нийт 12,500 ам.долларын тэтгэлгийг гардуулсан бөгөөд энэ төсөл нь улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, соёлын болон гэр бүлийн бүх  харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах (ЖЭТБ), ЖЭТБ-ын үзэл баримтлалыг үр дүнтэй тусгах замаар тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэгджээ. 

Холбоотой мэдээ