Гурван орны хүндийг өргөгчид "Рио-2016"-д оролцох эрхээ хасуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-23 17:31:36

ТБИЛИСИ. /NHK/. Орос, Казахстан болон Беларусийн хүндийг өргөгчид сэргээшийн шинжилгээнд унаснаар Рио-де-Жанейрогийн Олимпод оролцох эрхгүй болж байна.

2008 болон 2012 оны Олимпын наадмуудын дараа эдгээр улсын тамирчдаас авсан дээжийг дахин шинжлэхэд тус бүр гурав буюу түүнээс дээш тооны шинжилгээний хариу эерэг гарчээ. Олон улсын Олимпын хороо сэргээшийн шинжилгээг хийж байгаа юм.

Бээжин болон Лондоны Олимпын наадамд оролцсон тамирчдын шинжилгээний хариу дахиад эерэг гарсан тохиолдолд тус гурван улсын хүндийн өргөлтийн холбоодын гишүүнчлэлийг нэг жилийн хугацаанд түдгэлзүүлэх бололтой. Энэ асуудлаар Олон улсын хүндийн өргөлтийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд лхагва гарагт Гүржийн нийслэл Тбилиси хотод уулзсан байна.

Сэргээш нь хүндийн өргөлтийн спортод ноцтой асуудлуудын нэг болоод байгаа юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ДАШТ-д оролцсон 24 тамирчин хориотой эм хэрэглэсэн нь сэргээшийн шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд Болгарын хүндийг өргөгчид Риогийн Олимпод оролцох эрхээ хасуулаад байгаа юм.

 

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ