Т.Баярхүү: Хувийн эмнэлгүүд зах зээлийн үнээр PCR шинжилгээ авч байгаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг мөн маргаашнаас 7 хоног хязгаарлахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр нар олон нийтэд танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулахад хэдэн төгрөг зарцуулах вэ?
Т.Баярхүү: Засгийн газраас аймаг, сумдын наадмыг хориглож, Улсын наадмыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Наадмын төсөв санхүүтэй холбоотой асуудлыг УОК хариулах боломжгүй.
-PCR шинжилгээний цэгийг нэмэх боломж бий юу. Хувийн эмнэлгүүд 60-90 мянган төгрөгөөр шинжилгээ авч байгаа. Энэ үнийг хэрхэн тогтоосон бэ?
Т.Баярхүү: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлаж, шинжилгээ авах ажлыг улсаас үнэ төлбөргүй авч байгаа. Хувийн эмнэлгүүд бол оношлуур худалдаж авсан зардал зэргээсээ шалтгаалаад өөрсдөө тогтоосон зах зээлийн үнэ. Улсаас тогтоосон үнэ биш.
Л.Баттөр: Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ өвчнийг шинж тэмдгээр нь оношлох, шаардлагатай бол түргэн оношлуураар оношлох тушаал хэрэгжиж байгаа. Энэ тушаал нь ДЭМБ-аас гаргадаг зөвлөмжийн хүрээнд нөөцийг үр ашигтай зарцуулах зорилготой.
-Коронавирусний эмийг даатгалд хамруулах боломж бий юу?
Л.Баттөр: Коронавирусний улмаас эмнэлэгт хэвтэж байгаа бүх хүний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа. Гадуур эмийн сангаар борлуулж байгаа Арбидол эмийг даатгалаар хөнгөлөх эсэхийг мэдэхгүй байна. ЭМЯ энэ асуудлыг хэлэлцэж байгаа.