С.Амарсайхан: Халдвар буурахгүй бол наадмыг цуцалсан ч болно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-14 18:48:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц,  дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд насанд хүрсэн иргэдийн 91 хувь эхний тунд, 77.2 хувь нь хоёр дахь тунг хийлгээд байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтцын талаар болон вакцины үр нөлөөг судалжээ. Уг судалгаагаар вакцин хийлгэсэн ч халдвар авсан иргэдийн 88 хувийг нас барахаас, 75.4 хувийг хүндрэлээс сэргийлж байгааг тогтоожээ.


Халдвараар нас барах гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушгины хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр  “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй гэдгийг энд хариуцлагатайгаар мэдэгдье.  Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, амь нас эрсдэхгүй байх боломжтой” гэлээ.


Улбар шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэж, хатуу хяналт тавьж ажиллах чиглэлийг Шадар сайд хяналтын байгууллагуудад өглөө. Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаан элсэлтийн ерөнхий шалгалтыг эрсдэлгүй зохион байгуулахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.


Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүрдээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна. Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажиллуулах, Анагаахын их сургуулийн төгсөх дамжааны оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулж байна. Ард иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно. Халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Шаардлагатай гэвэл цахимаар зохион байгуулах боломжтой. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэв.

Холбоотой мэдээ