Б.Амгалан: Хэвлэл мэдээлэл насан туршийн маань амьдралтай шууд холбогдсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-14 20:09:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Ахмад сэтгүүлч Б.Амгалан өдгөө 92 настай, Улаанбаатар хотноо амьдардаг. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нутагтаа ирсэн байхад нь уулзаж ярилцлаа. Хэвлэл, мэдээлэлд бага ахуй наснаасаа дурлан, дуртай ажлаа насаараа хийж, амьдралынхаа нэг хэсэг болгосон ахмад сэтгүүлчтэй би 10 гаруй жилийн өмнө уулзаж, бичсэн номынх нь эхийг бэлдэж өгч танилцсан юм.

Нас өндөр болсон ч номоо бичсээр байгаа ахмад сэтгүүлч уулзсан даруйдаа МОНЦАМЭ-гийнхээ 100 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлэхийг хүслээ. Түүний ярилцлагыг толилуулъя.

-Сэтгүүлч болох ажлын гараагаа хэдийнээс эхэлсэн бэ?

-Тэртээ 1941-1945 онд бага сургуульд сурч байсан үеэс л сонин хэвлэлийн зах зухаас танилцаж, мэдээ мэдээлэлтэй ойртож эхэлсэн гэж болох талтай. Аймагт маань бий болсон “Говийн мэдээ” гэдэг сониныг үзэж байлаа.

Энэ сонины эрхлэгч нь төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал ахайтан байсан. Мөн “Үнэн” сонинд сурвалжлагч Лувсанбалжир гэж хүний бичсэн мэдээ материалуудыг үзэж, энэ бүхнээс “сонин хэвлэл, радио гэдэг ямар сайхан юм бэ?” гэж бага насны балчир ухаандаа санаж боддог байсан юм.

-Энэ мөрөөдлөө та хэдийнээс, хэрхэн биелүүлсэн бэ?

-1954 онд 25 настай, Намын дээд сургууль төгсөөд Ховд аймгийн Намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллах томилолт өгөхөд “дур сонирхолтой сонин хэвлэлийн ажилд очих” саналаа илэрхийлж, Сэлэнгэ аймгийн “Сүхбаатарын туг” сонины сурвалжлагч болсон юм. Энэ үеэс хэвлэл мэдээллийг сонирхох төдийгүй, өөрийн биеэр оролцож ажиллах, насан туршийн маань амьдралтай шууд холбогдон ирсэн.

Дараа нь Өмнөговь аймагт “Говийн мэдээ” сонины эрхлэгч, дараа нь аймаг дахь “Үнэн” сонины сурвалжлагчаар ажиллаж байгаад МУИС-ийн сэтгүүлч мэргэжлээр сурч, тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн мэдээлэл, радиогийн улсын хороонд редактор, хариуцлагатай редактор, “Орчин үеийн Монгол улс” сэтгүүлийн утга зохиолын ажилтнаар хэдэн жил ажилласан юм.

-Та МОНЦАМЭ агентлагтай хэдийнээс ажил амьдралаа холбож, хэдэн жил ажилласан бэ, тухайн үеийн сонин сайхан учрал, тохиолдож байсан үйл явдлаас хуваалцаач?

-1967 онд Дундговь аймгийн “Үнэн” сонин, МОНЦАМЭ-гийн сурвалжлагчаар томилогдон найман жил ажилласан. Энд тэмдэглэхэд мэдээнийхээ төгсгөлд МОНЦАМЭ гэж бичдэг байсантай холбоотойгоор “МОНЦАМЭ гэдэг чинь япон маягийн өндөр цагаан залуу байгаа” гэсэн хошин үг ч гарч байсан. Энэ яриа бол үнэхээр миний томилогдсон ажилтай холбогдон гарч байсан нь сонин санагддаг.

Миний бие хэвлэл мэдээллийн байгууллагад насаараа ажиллаж, ялангуяа хоёр аймагт 10 гаруй жил хэвлэл, радио, МОНЦАМЭ-д ажиллаж судалж, сурвалжилж, амьдралд тохиолдсон алив чухал үйл явдлыг шуурхай мэдээлэхэд ажил, амьдралаа зориулах болсон. Ингэж ажиллахдаа юу эсийг үзэж, хэнтэй эс уулзсан гэх вэ? Эх орныхоо бүхий л аймгийг тойрч, хилийн дээс алхаж хэд хэдэн улс орноор явсан даа.

-Олон жил хэвлэл, мэдээллийн салбарт ажилласан хүний хувьд маш олон сонин, содон мэдээ бэлтгэж, хэвлэж, нэвтрүүлж байсан байх. Энэ тухай тодруулаач?

-Тэгэлгүй яахав. Өмнийн цэнхэр говьд дэлхийд ховор зэрлэг тэмээ хавтгайн сүрэг үзэж хэвлэлд нийтэлж, нэвтрүүлж байлаа. 1957 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн нөлөөгөөр Өмнөговь аймагт болсон явдлыг газар дээр нь шуурхай мэдээлж нэвтрүүлж байлаа. Сэцэн хан аймгийн Түдэн засгийн хошууны ардуудаас засаг ноёнд захирагдахгүй гэж тэмцсэн хөдөлгөөнд оролцож явсан настан буурлуудын тухай, говиос тарнозавр, батаарын (аварга гүрвэл) араг яс олдсон, Зөвлөлтийн археологич Сибирь, Алс Дорнод, Азийн судлаач, доктор Алексей Павлович Окладниковтой ярилцсан зэрэг хэвлэлд нийтлүүлж, радио телевизээр мэдээлсэн зүйл мэдээж олон бий.

-Тэгэхээр мэдээ, мэдээлэл таны амьдралтай холбоотой, таны амьдралын нэг хэсэг гэж хэлж болох нь ээ.

-Мэдээллийн шуурхай дайчин зэвсэг родиогоос салдаггүй, тэтгэвэрт гараад хөдөө хэдэн жил мал аж ахуйд эрхлэхдээ жижиг радио байнга авч явж, өглөөний мэдээ заавал сонсдог заншилтай болсон байв. Энэ мэтээр мэдээ мэдээлэл миний амьдралтай холбоотой.

Нэг үе ажиллаж байсан МОНЦАМЭ агентлагийнхаа түүхт 100 жилийн ойн баяр хүргэж, амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа. Урт удаан наслаарай гэж ерөөе.

Холбоотой мэдээ