Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-12 19:56:00

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын 154 дүгээр тогтоолын дагуу Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Өмнө нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургаадугаар сарын 15-ныг хүртэл тогтоож байсан юм.

Сүүлийн 24 цагийн байдлаар Дорноговьд халдварын голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөн ирсэн болон түүний ойр, дам хавьтлаас 73 тохиолдол батлагдаж 2021 онд өссөн дүнгээр тус аймагт 497 тохиолдол бүртгэгдээд байна.

Захирамжийн дагуу Дорноговь аймаг руу орох, гарах болон сум хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Мөн байр орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбайг халдваргүйтгэх ажлыг эрчимжүүлэх, худалдаа үйлчилгээний газруудыг нийт талбайн 30 хувиас хэтрэхгүй үйл ажиллагаа явуулах зэрэг тодорхой шийдвэрүүд гаргасан байна.

Холбоотой мэдээ