Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч намын байр суурийг бэхжүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-10 09:48:23

УЛААНБААТАР. /TASS/. Лхагва гарагт орон даяар явуулсан Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль эрх баригч Монгол Ардын Намаас (МАН) нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийн илт ялалтаар өндөрлөж, намын байр суурийг улам бататгав.


Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилан мэдээлснээр, түүнд сонгогчдын 70 орчим хувь нь саналаа өгчээ.


Харин У.Хүрэлсүхийн гол өрсөлдөгч, УИХ-ын гишүүн асан Д.Энхбатад сонгуулийн хэсэгт ирсэн иргэдийн 25 орчим хувь нь саналаа өгсөн байна. Гурав дахь нэр дэвшигч болох сөрөг хүчний Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг 5-6 орчим хувь нь л дэмжжээ.


Цар тахлын нөхцөлд болсон санал хураалт

Сонгуулийн хэсгүүд орон даяар 15 цаг нээлттэй байсан юм. Коронавирусний цар тахлын нөхцөлд болсон сонгуулийн үеэр эрх баригчид санал авах байруудыг ариутгал халдваргүйжүүлэлтээр хангаж, зайлшгүй шаардлагатай аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амны хаалтаа зүүн сонгуулийн хэсэгт ирж, саналаа өгсөн байна.


Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 53 орчим хувьд хүрчээ. Санал хураалтын үеэр илүү ахимаг насныхан улс төрийн идэвхтэй байгаагаа харуулсан бол 20-34 насны залуучууд сонгуульд хэн ялж, ойрын 6 жилд улс орныг удирдах вэ гэдэгт гойд сонирхолгүй байгаа нь харагджээ.  


Үндсэн хуулийн шинэ зүйл заалтын дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад сонгуульд оролцож чадаагүй ч улс төрийн хөшүүргээ хадгалан авч үлджээ.


Цар тахал давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал болсны улмаас сонгуулийн өмнөх мэтгэлцээн тус улсад цуцлагдсан юм. Нэр дэвшигчдийн нэг болох Д.Энхбат коронавирусний халдвар авсан тухайгаа мэдэгдсэний дараа улс төрчид ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрчээ.


Сонгуулийн өдрийн уур амьсгал

Улаанбаатар дахь дипломат эх сурвалжийн “TASS” агентлагт уламжилснаар, сонгууль маш идэвхтэй явагджээ. Ерөнхийдөө томоохон зөрчил илрэлгүйгээр бүх зүйл хэвийн, жигд явагдсан байна. Зургадугаар сарын 8-10-ныг хүртэл архи, согтууруулах ундааны борлуулалтад түр хориг тавьсан нь сонгууль ийнхүү хэвийн явагдахад тодорхой үүрэг гүйцэтгэжээ.


Сонгуулийн үйл явцыг Монгол, гадаадын хэдэн арван сэтгүүлч сурвалжилж, эрх баригчид Европын Холбооны орнуудын төлөөлөгчид болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нарыг ажиглагчийн хувиар урьжээ. Үүнээс гадна олон улсын байгууллагын 40 орчим төлөөлөгч нөхцөл байдалд ажиглалт хийсэн байна. 

Холбоотой мэдээ