Баянцагаан сум “Алтангадас” одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-09 21:23:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймаг болон Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Баянцагааныхны нөр их хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянхонгор аймгийн Баянцагаан сумыг Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагналаа.

Энэхүү хүндэт шагналыг 2021 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх П.Нүрзэд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт М.Баттөр, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь дарга нар гардуулав. Энэ үеэр мөн сумын хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан хүмүүст Төрийн дээд шагнал “Алтангадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулжээ.

Баянцагаан сум нь 1923 оноос өмнө Засагт хан аймгийн Жонон вангийн хошуу, 1923 оноос Баян-Өндөр уулын хошуунд харьяалагдаж иржээ. Улсын бага хурлын 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн тогтоолоор Хантайшир уулын аймгийн Жавхлант уулын хошуунаас Говь–Алтай аймгийн Баянцагаан сумыг байгуулсан байна. Баянцагаан сум 1934 онд Завхан аймагт, 1940 онд дахин Говь-Алтай аймагт, 1942 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сум болон шилжсэн түүхтэй.

Тус сум нь анх Харын шанд, Хүрэн дэл, Далан түрүү гэдэг газруудад төвлөрч байгаад 1957 оны газар хөдлөлтийн дараагаар 1958 онд Баянбулагийн дэнжид төвлөрсөн байна. Монгол-Алтай нурууны төгсгөл Гичгэнэ уул, Говь-Алтай уулсын эхлэл Баянцагаан уул, түүний салбар уулс, тал хөндийд 539513,0 мянган га дэвсгэр нутагтай, хилийн нийт урт нь 400 км  орчим бөгөөд өөрийн аймгийн Бууцагаан, Баацагаан, Жинст, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр Говь-Алтай аймгийн Чандмань сумтай хил залгаа оршдог.

Холбоотой мэдээ