Далайд гарцгүй улсуудын бүлэг хэлэлцүүлэг өрнүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-06-08 15:34:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй улсуудын Женев дэх бүлэг Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-тай хамтран гадаад худалдааны талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлгээр далайд гарцгүй улс орнуудын гадаад, дотоод худалдаанд тохиолдож буй саад бэрхшээл, транзит тээврийн талаар, мөн энэ оны 12 дугаар сарын эхээр Женев хотноо болох Худалдааны сайд нарын 12 дахь бага хурлын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй ярилцаж хөндөв. 

Транзит тээврийг зохицуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахлын улмаас хил, гааль, тээвэрт үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад хамтран ажиллахаар  болов.


Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн бүлгийн зохицуулагчийн хувьд хэлэлцүүлгийг хөтлөв. Үүний өмнө Далайд гарцгүй улсуудын Женев дэх бүлэг ДХБ-ын шинэ ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзалт хийсэн юм. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн ДХБ-ын ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала-д үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсч, өмнө нь Дэлхийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улстай хамтран ажиллаж, Монгол орныг сайн мэддэг болсон хүний хувьд цаашид Монгол Улсын Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх, олон талт худалдаан дахь оролцоог өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм. 



Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн ДХБ дахь Азийн хөгжиж буй бүлэг болон Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зохицуулагчийн хувьд эдгээр орны ашиг сонирхлыг хамгаалах, тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх болон ДХБ дахь төлөөллийн талаар ДХБ-ын ерөнхий захиралтай санал солилцсон юм. Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала ДХБ-ын гол зөвлөлийн нэг болох Барааны худалдааны зөвлөлийн 2021-2022 оны даргаар сонгогдсон Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэнд ажлын амжилт хүсэж, ДХБ-ын Сайд нарын 12 дугаар чуулган Женев хотноо болох онцлог чухал цаг үед үр дүнтэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэж байв.

ДХБ-ын Сайд нарын чуулган нь тус байгууллагын дээд түвшний шийдвэр гаргагч бүтэц юм.  ДХБ-ын Сайд нарын өмнөх 11 дүгээр чуулган 2017 онд Аргентины Буэнос-Айрэс хотноо болсон юм.

Холбоотой мэдээ