Мартагдсан өв уламжлалыг сэргээх наадмыг жил бүр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-03 10:41:52
Хэнтий /МОНЦАМЭ/ Үндэсний хэв шинжийг хадгалсан уралдаан, тэмцээнийг түүхэн аялал жуулчлалын бодлоготой уялдуулан зохион байгуулах, мартагдсан өв уламжлалыг сэргээх наадмыг жил бүр зохион байгуулж байхаар боллоо.
Өөрөөр хэлбэл Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор “Сэцэн ханы хурд” уралдаан, “Өндөрхааны тойром” шагайн тойром, “Өндөрхаан уулын хишиг барилдаан”, аймгийн аварга шалгаруулах "Адуучин" тэмцээнийг ирэх намраас аймгийн дөрвөн бүсийн сумдад явуулахаар тогтлоо. Мөн шалгарсан тамирчдын наадмыг аймгийн төвдөө зохион байгуулж, үндэсний спортоо ёс уламжлал, зан заншил, ур чадварынх нь хувьд хөгжүүлэхээр салбарын удирдлагууд ярилцав.
Энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат үндэсний бөхийн холбоо, сурын холбоо, хурдан морины холбоо, шагайн холбооны гишүүдтэй уулзалт хийж, тэдэнтэй салбарынх нь тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж, хүрэлцэн ирсэн тамирчдын саналыг хүлээн авсан.
Энэ хүрээнд үндэсний бөх, сур, шагайн харвааны төрөлд багш дасгалжуулагч тогтмол ажиллуулах, улсын хэмжээнд амжилт үзүүлж буй тамирчдаа урамшуулах, Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд сурын талбайг шинэчлэх, шагайн талбайн байрыг шийдвэрлэхээр болсон юм.
Холбоотой мэдээ