Түүхэн аялал жуулчлалын цогцолборууд 2023 онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-03 10:02:35
Хэнтий /МОНЦАМЭ/ Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд улсын төсвийн нийт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймагт бүтээн байгуулалтууд өрнөж байна.

Тодруулбал, тус аймгийн Батноров суманд Андлалын өргөө, Биндэр суманд “Их хуралдай”, Норовлин суманд “Шихихутаг-Их Засаг”, Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалтууд 2023 онд ашиглалтад орно.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дээрх цогцолборуудыг байгуулснаар нийгэм, эдийн засгийн дараах үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд, 100 гаруй шууд ажлын байр бий болно, Жуулчдад зориулсан аялал жуулчлалын шинэ нэр төрлийн 30 гаруй бүтээгдэхүүн бий болж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг дэмжинэ. 2024 он гэхэд тус аймагт жилд аялах жуулчдын тоог 200 мянгад, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг 150 тэрбум төгрөгт хүргэх аж. Иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн, өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг 50-иас дээш хувиар нэмэгдүүлнэ. Жил бүр орон нутгийн 100 гаруй иргэдийг чадавхжуулах сургалтад тогтмол хамруулж, аялал жуулчлалын нөлөөтэй ажлын байраар хангагдах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна.
Холбоотой мэдээ