Вероселл вакцины нөөц хангалттай бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-02 16:49:46
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 23 цэгээр вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд нийт иргэдийн 80,8 хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байна. Дархлаажуулалт болон вакцины нөөц хангамжийн талаар аймгийн Засаг дарга дарга Д.Золжаргалаас тодруулга авлаа.
Аймгийн хэмжээнд эхний тунд 49308 хүн буюу нийт дархлаалжуулалтад хамрагдах иргэдийн 80,8 хувь нь хамрагдаад байна. Өөр орон нутагт зорчсон, ажлын шаардлагаар хөдөө орон нутагт байгаа цөөн тооны иргэд одоогоор цувж хийлгэж байна. Сүүлийн өдрүүдэд 20-30 хүн ирж вакцин хийлгэж байгаа. Эхний тунгийн дархлаажуулалт ерөнхийдөө бүрэн дууссан.
2 дахь тунгийн хувьд иргэдийн эхний тунд хамрагдсан хугацаанаас хамаарч өөр өөр байна. 6-р сарын 2-ны өдрийн байдлаар 33727 хүн буюу нийт хамрагдах иргэдийн 55.3 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна гэв.
Вероселл вакцины нөөц хангалттай бий.
Өнөөдрийн байдлаар 15500 хүн тун вакцины нөөцтэй байна. Энэ нь аймгийн хэмжээнд бүрэн дархлаажуулалтад хамруулахад хангалттай хүрэлцээтэй учир дахин Вероселл вакцины татан авалт хийхгүй. Харин жирэмсэн болон архаг хууч өвчтэй Вероселл вакцины эсрэг заалттай хүмүүст хийх Файзер вакцины 3216 буюу 2 тун хийлгэх 1608 хүн тун вакциныг аймагт хуваарилсны дагуу татан авалт хийсэн байгаа. Тус вакцин нь задалсан цагаас хойш энгийн хадгалалтын хөргөгчид 5 хоногоос дээш хугацаанд байж болохгүй гэсэн заалттай тул задраагүй байна. Сумдаас зайлшгүй хийлгэнэ гэсэн иргэдийн судалгааг авч, хийлгэх шаардлагатай иргэдийн зөвшөөрлийг үндэслэн сумдад хуваарилна. Сумдын судалгааны явц 50 хувьтай явж байгаа бөгөөд бүх сум зөвшөөрөл, судалгаагаа ирүүлж нэгтгэсний дараа хуваарилалт хийхээр төлөвлөж байна гэлээ.
Холбоотой мэдээ