Хөрөнгөгүйгээр гацсан дулааны станцын бүтээн байгуулалт үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-22 00:17:58

2014 онд шав тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ч хөрөнгө оруулалтгүйн улмаас гацсан дулааны станцыг энэ онд үргэлжлүүлэн барихаар болж байна. Үүнд БНСУ хөрөнгө оруулалт хийх ажээ. Хөрөнгө оруулагч талын төлөөлөл дулааны станцын бүтээн байгуулалтын явц, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар өнөөдөр Мандалговьд ажиллав.

35 Мвт- ын хүчин чадалтай дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Мандалговь хотод барьж ашиглалтад оруулахаар “Энергио Сервис Монтаж” ХХК ажиллаж эхэлсэн. Дулааны станцад Засгийн газар 3 тэрбум, “Энергио Сервис Монтаж” ХХК 15.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж, гүйцэтгэгч компани цаашид ашиглалтаа хариуцан ажиллана хэмээн тухайн үед мэдээлж байсан боловч хөрөнгө оруулалт гацсаар өнөөдрийг хүрсэн юм.

Дулааны станц барихад шаардлагатай 130 гаруй сая долларын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг БНСУ- ын Экспорт Импорт банкнаас олгоно. АСЕМ- ын хуралд БНСУ- ын Ерөнхийлөгч ирэх бөгөөд энэ үеэр хоёр тал зээлийн гэрээнд гарын үсэг зурах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа талаар Мандалговь хотод өнөөдөр ажилласан Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б. Сандуйжав хэллээ.

Төслийн явцтай газар дээр нь танилцахаар БНСУ- ын Экспорт Импорт банкны концесс хариуцсан дарга Пак Сун Юн ирсэн бөгөөд тэрээр Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа юм байна.Түрүүнд нь хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх төсөлтэй танилцаж байсан бол энэ удаа Эрчим хүчний яам, Зам тээврийн яамны санал болгосон төслүүдтэй танилцаж байгаагийн нэг нь энэхүү дулааны станц ажээ.

Өнгөрөгч сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сантай 2016-2018 онд  хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам болон БНСУ- ын Стратеги болон Сангийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд ЭЗХАС-гаас 2011-2015 онд авах зээлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244,5 сая ам.долларын хөрөнгөөр Монголын талаас санал болгосон төслүүдийг зээл олгох журмын дагуу судлаж хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Үүнд 10 аймагт дулааны станц барих төсөл багтсанаар ийнхүү Дундговь аймаг дулааны станцтай болох нааштай эхлэл тавигдсан байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ