Ч.Амгалан: “Чинээлэг малчин” гэдэг баян тарган гэсэн ойлголт биш

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-29 13:41:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалантай уулзаж, “Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар ярилцлаа.


- Аймгийн ИТХ “Чинээлэг малчин” хөтөлбөр баталлаа. Зарим төлөөлөгчид “чинээлэг” гэдэгтэй санал нийлэхгүй байх шиг байсан.

- Тийм ээ. Өнөөгийн нөхцөлд “чинээлэг” малчин гэдгийг баян тарган гэж ойлгож болохгүй л дээ. Бидний хувьд “Чинээлэг малчин” гэдэг нь зах зээлд шилжсэн, мал сүрэг нь таваарлаг, байгалийн эрсдэлийг даах чадвартай, түүхий эд бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулдаг үйлдвэрлэгч малчин байх гэж ойлгож байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг олон зуун жилийн туршид эрхэлж ирсэн малчин түмэн Монгол орны нүүдлийн соёл иргэншил, түүхийг бүтээгч, өв соёлыг тээгч, нийгэм, эдийн засгийн томоохон давхарга гэж үздэг. Малчин эдийн засгийн чадавхтай, мал нь байгалийн эрсдэлийг дааж чадвартай байх л чухал байна.

-  Аймгийн эдийн засгийн гол салбар мал аж ахуй. Малчин өрхийн дундаж малын тоо толгой, ашиг орлого ямар хэмжээнд байдаг бол?

- Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 57.3 хувийг хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэж байгаагийн 62.4 хувь нь мал аж ахуйн салбарт ногдож байна. Манай аймгийн хүн амын 22.9 хувь нь буюу 14.1 мянган хүн малчин өрхөд амьдарч, ажиллах хүчний 61.0 хувийг малчид бүрдүүлж, нийт өрхийн 54.0  хувийг малтай өрх, үүний 46.3 хувийг малчин өрх эзэлж байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нийт малчдын 53.4 хувь нь буюу  7.5 мянган малчин зээлтэй, малтай өрхийн сарын нийт орлого 2019 оны дунджаар 1,080-1,323 мянган төгрөг байна гэсэн судалгаа байдаг.

Аймгийн нийт малчдын 3449 буюу 24.3 хувь нь 35 хүртэл насны залуучууд, 9905 буюу 69.7 хувь нь 35-65 хүртэл насны, 5.8 хувь нь тэтгэврийн насны ахмадууд, 5757 буюу 40.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

Нийт малчин өрхийн 3663 буюу 42.2 хувь нь 200 хүртэл толгой малтай, 2776 буюу 32.0 хувь нь 200-500 толгой малтай, 1716 буюу 19.7 хувь нь 500-1000 толгой малтай, 516 буюу 6.0 хувь нь 1000-аас дээш толгой малтай байна. Нэг малчин өрхөд дунджаар 354 толгой мал оногдож байна.

Мал аж ахуйн салбараас жилд дунджаар 309.8 тонн ямааны ноолуур, 1942.1 тонн хонины ноос, 4.3 тонн тэмээний ноос, 792.8 мянган ширхэг арьс шир, 55,3 мянган тонн мах, 41.2 мянган литр сүү үйлдвэрлэдэг.

Мөн малчид малын түүхий эд болох ноос, арьс ширийг бэлтгэж, жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал авдаг боловч мал ихтэй өрхөд тодорхой хэмжээний дэмжлэг болж мал цөөтэй өрхүүдэд төдийлөн сайн дэмжлэг болохгүй байна. 

- Бодлого гаргаж хэрэгжүүлэх шаардлагыг нийгмийн талаасаа малчдын амьжиргааг дээшлүүлэх гэж ойлгож болох байх. Харин салбарын бодлого чиглэлийн хувьд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ямар нөхцөл шаардлага үүссэн бэ?

- Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдан мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, байгальд ээлтэй байх харилцаанд малчдын оролцоо, үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэх боллоо. Хээлтэгч малын сүрэгт эзлэх хувийн жин бага байгаа нь сүргийн нөхөн өсөлт, мах, сүү үйлдвэрлэл, ялангуяа эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Аймгийн хэмжээнд нийт сүрэгт эзлэх хээлтэгч малын хувийн жин 48.6 хувь болж, 2016 онтой харьцуулахад 3.2 хувиар нэмэгдсэн байна. Мал аж ахуйн нөхөн үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнд байлгахад бодын хээлтэгч 50.0-55.0 хувь, богийнх 60.0-65.0 хувийг эзэлж байвал зохимжтой гэж үздэг.

Гэтэл манай аймгийн бод малын хээлтэгч 39.1 хувь, бог малын хээлтэгч 49.6 хувь байгаа нь нөхөн үйлдвэрлэл алдагдаж байна. Малчид малаа заавал ирэг, сэрх, шар болтол нь тэжээж, маллах шаардлагагүй, аль болох өсвөр насанд нь таргалуулж, зах зээлд борлуулан цаг хугацаа, хөрөнгө хүчээ хэмнэж, ашиг орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Нийт малчин өрхийн 42.2 хувийг эзэлж байгаа 200 хүртэл толгой малтай малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын болон эр сувай малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хээлтэгч малын тоо толгойг өсгөх зэрэгт анхаарах шаардлагатай байна. Малчин өрхийн орлогыг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй, бүс нутгийн онцлогт тохирсон мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилгоор энэхүү “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуйг нийгмийн хөгжлийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, малын чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, байгалийн эрсдэл даах чадавх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, малчдыг орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулж, бүтээмж, ашиг, орлогыг өсгөх, малчдыг чадавхжуулахад хөтөлбөрийн зорилго оршиж байгаа.

- “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ямар зорилт дэвшүүлж байна вэ?

- Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулж, бүтээмжийг дээшлүүлэх, мал сүргийн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, мал сүргийн байгалийн эрсдэл даах чадавхыг сайжруулах, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд чанарын үнэлэмж бий болгох, нэмүү өртгийн сүлжээнд малчдын оролцоог идэвхжүүлэх зорилт тавьж байна. Мөн малчдын мэдлэг, туршлага, чадавхыг сайжруулах, хөгжүүлэх, малчдын залуу халааг бэлтгэх, малчдын хамтын хоршил, эко санаачилгыг идэвхжүүлж, байгальд ээлтэй малчин өрхийн үйлдвэрлэлийн бүтээмж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлж, ашиг, орлогыг өсгөх, тэдний орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх дэмжлэг үзүүлнэ.

- Зорилтыг хэрэгжүүлэх тодорхой үйл ажиллагаа төлөвлөж байгаа байх. Мал аж ахуйн хувьд тоо болон чанарын үзүүлэлтийн хувьд ямар өөрчлөлт гаргахаар төлөвлөсөн бэ?

- Зорилт бүрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн. Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулж, бүтээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд мал сүргийн зохистой бүтцийг бий болгоно. Үүний тулд хээлтэгч малын хувийн жинг бод малд 50 хувь, бог малд 55-60 хувьд хүргэх, эр сувай малын хувийн жинг 10 хувиас хэтрүүлэхгүй байх, нийт малд үхэр сүргийн эзлэх хувийн жинг 10-15 хувьд хүргэх, ямаан сүргийн эзлэх хувийн жинг 20 хувиас ихгүй байлгах зэрэг бодлого баримтална. Өсвөр малыг эрчимтэй өсгөн бойжуулах замаар бог малын 20-25 хувийг, бод малын 10-15 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Малын чанар, үүлдэр угсааг сайжруулахад манай аймаг онцлогтой. Эх орны хоёр үүлдрийн малын төрсөн нутаг. “Сэлэнгэ” үхэр, “Хангай” хонийг манай аймагт өсгөн үржүүлж бий болгосон. Тиймээс тухайн орон нутагт дасан зохицсон баталгаажсан үүлдэр, омог, хэвшлийн цөм сүргээр бататган сайжруулж, үржүүлгийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, биологийн боломжийг бүрэн ашиглах бодлого өвөрмөц байгаа.

Махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг Сэлэнгэ, Хангал, Бугат, Тэшиг, Хутаг-Өндөр суманд өсгөн үржүүлнэ. Монгол үүлдрийн хонийг өөр дотор нь мах, ноосны чиглэлээр сонгон үржүүлж, “Үзэмчин”, “Барга”, “Дархад”, “Баяд” үүлдрийн хонийг үндсэн сайжруулагчаар ашиглаж, нарийн ноост “Хангай” үүлдрийн хонийг цэврээр үржүүлэхээр шийдвэрлэсэн. Адуун сүрэгт уналга эдэлгээний болон сүү, махны ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр үржлийн ажлыг явуулах юм.

Мал сүргийн байгалийн эрсдэл даах чадавхыг сайжруулахын тулд хадлангийн талбайг хашиж, хамгаалах, усалж бордох замаар ургацыг нэмэгдүүлэх ажлыг малчид болон төсөл, хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, тэжээлийн ургамал тариалах сонирхолтой аж ахуйн нэгж, малчдыг чанартай үрээр хангах, тэжээлийн зориулалттай уургийн агууламж ихтэй нэг ба олон наст ургамал тариалах ажлыг өргөтгөх, газар тариалангийн дагавар бүтээгдэхүүнийг малын тэжээлд ашиглах, үйлдвэрийн гаралтай тэжээл үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, тэжээлийн үйлдвэрийн хүчин чадлыг сайжруулах ажил хийхээр төлөвлөж байна.

Залуу малчдад зориулсан тухайлсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, туршлага судлуулах, Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, нийгмийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлж, үр ашигтай, “ухаалаг” аж ахуй эрхлэх мэдлэгийг түгээж, малчдыг чадавхжуулна.

Энэ хөтөлбөрийг 2025 ог хүртэл хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ