СОЁЛ УРЛАГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-05-28 18:07:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

АНХ УДАА


Орос орны утга зохиолын нэрийн хуудас болсон Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг “Орфей” театрын хамт олон нээлтийн үйл ажиллагаандаа зориулан Монголын үзэгчдэд анх удаа хүргэхээр болжээ. Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театрыг байгуулж буй юм. Ийнхүү Монголын театрын тайзнаа Ф.М.Достоевскийн бүтээлээс анх удаа “амилуулах”-даа сэтгэлзүйн болоод уран зөгнөлт төрлөөр хүргэхээр болсон нь онцлууштай.


Уг бүтээлийг Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгох юм.




Сонирхуулахад, Ф.М.Достоевский 1811 онд Оросын Санкт-Петербург хотод төрсөн бөгөөд “Гэм зэм”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа”, “Крамазовын хөвгүүд” зэрэг романаараа утга зохиолд шимтэгсдийн дунд нэрд гарсан юм. Түүний бүтээлүүдээс сэдэвлэсэн тайз, дэлгэцийн олон бүтээлийг дэлхийн даяар туурвисаар буй. Харин Монголын үзэгчдэд 1980 онд найруулагч Александр Зархийн “Достоевскийн амьдралын 26 өдөр” намтарчилсан уран сайхны кино, 2010 онд “Монгол кино” үйлдвэрийн дуу оруулгатайгаар “Боловсрол суваг” телевиз, найруулагч Владимир Хотиненкогийн “Достоевский” найман ангит цуврал киног МҮОНТ-ийн уран бүтээлчид орчуулж, дуу оруулан 2019 онд толилуулжээ.


ХҮЛЭЭЛТИЙН ЭЦЭСТ




Энэ жилийн “Playtime” амьд хөгжмийн наадмыг наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд “Монгол шилтгээн”-д зохион байгуулахаар болжээ. Цар тахлаас шалтгаалж уг наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн жил хойшлуулах шийдвэр гаргасан удаатай. Тиймээс иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчлэх аж. Өөрөөр хэлбэл, “Playtime 2020” наадмын тасалбар худалдан авсан хүн бүрт 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлэх юм байна. Зохион байгуулагчдын зүгээс наадамд оролцох иргэд дархлаажуулалтдаа хамрагдаад 14 хоносон гэдгээ батлах гэрчилгээтэй байх хэрэгтэй буюу “E-mongolia” дээрх гэрчилгээгээ үзүүлж орох ёстойг анхааруулжээ.


Энэ жилийн наадамд гадаадын хамтлаг дуучид оролцохгүй. Харин “Play time”-ийн түүхэнд байгаагүй дотоодын хамтлаг дуучдын line-up тоглогдох юм.


ХААДЫН ХААН




УДЭТ-ын түүхт 90 жилийн ойд зориулан тус театрын хамт олон Б.Цогнэмэхийн зохиол "Хаадын хаан" түүхэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлдэж байна. 


Уг жүжгийг Төрийн шагналт, УГЗ Н.Наранбаатар найруулахаар болжээ. Тэрээр энэ тухай "Би “Хаадын хаан” түүхэн жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ. Сүүлийн үед бид Чингис хааныхаа нэрийг хаа хамаагүй хэлдэг болсон. Уг нь бид нэрийг нь хэлэхээсээ ч цээрлэх ёстой. Эзэн хааныхаа нэрийг дуудаад, хаа хамаагүй хэрэглээд л байна. Үнэндээ эндээс л хүндэтгэл эхэлнэ. Тийм учраас бид Эзэн хааныхаа нэрийг хэлэхээс цээрлээд жүжгээ “Хаадын хаан” гэж нэрлэсэн" хэмээжээ.


Энэхүү жүжгийн түүхийн судалгааны ажлын хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчдийн дунд “Онол, практикийн бага хурал-мэтгэлцээн”-ийг энэ сард зохион байгуулсан байна.


БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО ЗОХИОЛЫН НААДАМ


Монголын Урлагийн зөвлөл нь Австралийн “Bus Stop Films”-тэй хамтран кино урлагаар дамжуулан залуучуудыг амьдрах ухаан, бие даах чадвар олгоход чиглэгдсэн, тэгш хамруулалтыг дэмжих зорилготой “Бид чадна-Бид авъяастай” төслийг 2019 онд амжилттай хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног бүтээсэн билээ.


Тус кино нь  “Улаанбаатар" олон улсын кино наадам, Asia Pacific Screen Awards 2020 мөн АНУ-ын Синекүэст кино наадамд сонгогдон танилцуулагдсан ба “Cinequest” кино наадмаас “Шилдэг гэр бүлийн богино хэмжээний кино” шагналыг хүртэж байв.


Тэгвэл Монголын Урлагийн зөвлөл нь “Бид чадна-Бид авъяастай” төслөө үргэлжлүүлэн зохион байгуулж, 2022 онд нийгэмд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлсэн богино хэмжээний кино бүтээхээр төлөвлөн ажиллаж байна.


Харин төсөлд шалгаруулах богино хэмжээний кино зохиолыг ирэх сарын 20-ны дотор “redger@artscouncil.mn” хаягаар хүлээн авах юм. Төслийн хүрээнд бүтээсэн кино нь цаашид гадаад дотоодын олон улсын кино наадамд оролцох бөгөөд тэгш хамруулалтыг сурталчилахад хувь нэмрээ оруулах юм.


ОЛОН УЛСЫН МЕДИА УРЛАГИЙН НААДАМ




Монголын Урлагийн Зөвлөлийн хэрэгжүүлж буй дараагийн ажил нь Гёте-Институттэй хамтран, Соёлын Яамны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн 6 дугаар наадмыг ирэх сарын 17-23-ны хооронд “XXI” сэдвийн дор зохион байгуулахаар болжээ.


Үүнд урлаг, технологи, шинжлэх ухааны зааг, хязгаар, ялгааг даван шинэчлэл хийж буй олон улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг, Монгол, Герман уран бүтээлчдийн хамтарсан “Царай үгүй” 360 дэлгэцийн медиа бүтээл, “21-н Бүүвэй”, “Хүн хүрд” нэртэй өрөг саунд хосолсон медиа бүтээл, “Лус” нэртэй видео медиа бүтээлээр дамжуулан монголын “ди жей” нарын өнөөгийн өнгө аяс, хэмнэлтэй хослуулан олон нийтэд хүргэнэ.


Мөн уран бүтээлчид, оюутан сурагчид болон олон нийтийн медиа урлагийн мэдлэгийг нэмэгдүүлэхзорилгоор “Урлагтай яриа” цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ