Хууль бус газрын наймааг гэрэл зургаар өгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-21 17:03:07

Чингисийн талбайн баруун урд буланд Нийслэлийн Засаг дарга, газрын дарга нарын хууль бусаар газар олгосныг нотолсон, тэдний өөрсдийнх нь гарын үсэг бүхий шуугиан дагуулсан, хөдөлшгүй баримт, материалуудыг гэрэл зурагт самбараар  дэлгэсэн хэсэг хүн тааралдав.

 “Газраа алдвал бүхнээ алдана” нэртэй самбарт үзүүлэнг “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ олон жилийн турш цуглуулсан баримт, материалдаа үндэслэн гаргасан гэж ярилаа. Өмнө нь хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, Т.Билэгт нарын дөрвөн даргын үед газар олгох асуудлыг нь тасралтгүй хариуцаж байсан Ц.Сандуйгийн нэр, гарын үсэгтэй бүхий хууль бусаар газар олгосон олон гэрчилгээ үзүүлэнгийн гол “үзвэр” болжээ. Дэлхийн банкны судалгаагаар нийт 26.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний нийтийн эзэмшлийн газрыг тэд ердөө гарын үсгээр олгосон атлаа нийслэлийн төсөвт нэг төгрөг ч ороогүй нь хардахад хүргэж байна. 26.9 их наяд төгрөгөөр 26 мянган цэцэрлэг барих боломжтой, мөн Улаанбаатар хотын 52 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Түүнээс гадна 8.5 “Чингис бонд”-той тэнцэнэ гэж “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэг мэдэгдэж байлаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ