Залуу төрийн албан хаагчид байгаль хамгаалах уламжлалт ажлаа өрнүүллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-05-18 16:07:40

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын залуу төрийн албан хаагчид хамтран жил бүр байгаль орчноо хамгаалах чиглэлээр тодорхой нэг ажлыг зорилго болгон хэрэгжүүлж иржээ. Өнгөрсөн жилүүдэд “Асмалжингийн рашаан” “Мэргэний булаг” зэргийг хашаажуулан тохижуулсан байна. Энэ удаа “Байгалиа хамгаалъя-2021” нэгдсэн арга хэмжээг “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриатайгаар хүчээ нэгтгэн, залуу төрийн албан хаагчид түүчээлэн өрнүүлж байна.

Хоёр дахь жилдээ үргэлжилж буй бүтээлч ажлын хүрээнд сумын цагдаагийн хэсгээс орон нутгийнхаа онцлогт нийцүүлсэн үйл ажиллагааг зохион байгуулж, сумын залуу төрийн албан хаагчид нэгдэж, булаг шандаа хамгаалах, хашаажуулах ажлыг зохион байгуулжээ. Тодруулбал “Мөнхтолгой” хоёрдугаар багийн “Артойлбо” гэх газарт байрлах “Ар Могойн” рашааныг хашаажуулан хамгаалж, ойр орчмын хог хаягдлыг түүж цэвэрлэсэн байна. Уг рашаан нь хүний дотор эрхтэн, таван цулд нэн тустай бөгөөд өөр өөр сувгаас урсан гардаг өвөрмөц тогтоцтой гэдгээрээ онцлогтой. Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан рашааныг зорин ирэх иргэдийн цуваа тасардаггүй аж. Ирж буй хүмүүс автомашинаа дэргэд нь байрлуулах, хогоо ил задгай хаях зэрэг зохисгүй байдлыг олонтаа үзүүлдэг байна. Үүнийг таслах зогсоох зорилгоор рашааны дэргэд автомашины зогсоолын тэмдэг, хог хаях хоёр цэг, бие засах газрыг засч сайжруулжээ.

Тэд ингэж бүтээн байгуулалт хийхээс гадна “Байгалиа хамгаалъя-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОБГ-ын албан хаагч, сумын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч нар хамтран Сэлэнгэ мөрний сав газрын орчимд морьт эргүүл хийж байгаа гэв. Тус эргүүлийн багийнхан үүргээ хэрхэн гүйцэтгэж буй талаараа МХГ-ын улсын ахлах байцаагч Б.Наранжаргал, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батцоож нарт утсаар мэдээллээ өгдөг байна. Морьт эргүүл хийснээр байгаль орчны эсрэг үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох, эрт илрүүлэх давуу талтай аж. Байгаль хамгаалах үүргийг зөвхөн төр дангаараа хүлээх бус, иргэн бүр байгаль хамгаалагч байж чадвал ирээдүйд ногоон дэлхийгээ үр хойчдоо өвлүүлэн үлдээх алхам болж чадах аж. Иймээс “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриатайгаар, иргэдэд ойлгуулах зорилго бүхий аяныг зохион байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагааг тус сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батцоож санаачилж, залуу төрийн албан хаагчид нэгдэн сумын ИТХ, ГХУСАЗСЗ-өөс дэмжин ажиллажээ.

Залуусын зүгээс энэхүү аянд идэвхтэй оролцохыг Хушаат сумын нийт иргэддээ хандан уриаллаа.

 

Холбоотой мэдээ