Филиппинчүүдэд коронавирусний ямар вакцин хийлгэхээ сонгохыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-18 13:11:43

МАНИЛА. /TASS/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Засгийн газраас олгож буй коронавирусний вакцинуудаас сонголт хийхийг иргэддээ хоригложээ. Энэ тухай тэрбээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.  


“Филиппинд хэрэглэхийг зөвшөөрсөн бүх вакцин үр дүнтэй” гэж тэрбээр хэлсэн байна. “Ямар ч ялгаварлан гадуурхах явдал байхгүй болно. Бүх вакцин адилхан үр дүнтэй учир сонгох шаардлагагүй” гэж Дутерте цохон тэмдэглэжээ.  


Филиппиний Ерөнхийлөгчийн хэлснээр, ихэнх чинээлэг хүмүүс Америкт үйлдвэрлэсэн вакцинуудыг, жишээ нь "Pfizer", "Moderna" гэх мэт компаниудын вакциныг хүлээж байна. "Ийм зүйл болохгүй, та саятан эсвэл өөр хэн ч байсан вакциныг сонгож чадахгүй. Бид аль нэгэнд нь давуу эрх өгдөг түүх үлдээхийг хүсэхгүй байна" гэж тэрбээр онцлон хэлсэн байна.


Филиппинд 2020 оны нэгдүгээр сарын 30-нд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ. Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан хүний тоо 1.14 сая давж, 1.07 сая гаруй хүн эдгэрсэн бол 19 200 өвчтөн нас барсан байна.


Филиппиний эрх баригчид Америкийн “Moderna”, "Johnson & Johnson", Оросын "Спутник V", мөн “Pfizer”, Их Британи-Шведийн “AstraZeneca”, Хятадын “Sinovac”, Энэтхэгийн “Bharat Biotech”, компаниудын вакцинуудыг онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрчээ. Тус улс гуравдугаар сарын 1-нээс Хятадын “CoronaVac” вакцинаар эмнэлгийн ажилтнуудаа дархлаажуулж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ