ХАМАС Израилтай урт хугацааны сөргөлдөөнд бэлэн байгаагаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-05-18 11:17:01

РАБАТ. /TASS/. Палестины ХАМАС хөдөлгөөн Израил улстай ил тод, өргөн цар хүрээтэй, урт хугацааны сөргөлдөөнд бэлэн байгаагаа мэдэгджээ.


“Algeria Press Service” агентлагийн мэдээлж буйгаар, ийм мэдэгдлийг ХАМАС хөдөлгөөний төлөөлөгч Мухаммед Осман Абу аль-Бараа Алжир улсад хийсэн байна.


"Эсэргүүцэлд бүх хүчээ хараахан ашиглаагүй байна. ХАМАС сионистын байгууллагын хүчнүүдтэй ил тод, өргөн цар хүрээтэй, удаан хугацааны сөргөлдөөнд бэлэн байна. Эзэн түрэмгийлэгчид байлдааны ажиллагаа, Палестины ард түмэн рүү халдахаа зогсоох хүртэл гал зогсоохгүй" гэж тэрбээр хэлжээ.


"Палестины газар нутгийг чөлөөлөхөд араб, лалын шашинтнуудын дэмжлэг шаардлагатай байна. Иерусалим бол хагас тэрбум мусульманчуудтай холбоотой" гэж Абу аль-Бараа цохон тэмдэглэсэн байна.


Тэрбээр "Палестины эсэргүүцэл мэдэгдэхүйц нэмэгдсэн" гэдгийг онцлон тэмдэглээд ХАМАС хөдөлгөөн нь "зөвхөн Газын зурвасыг төдийгүй ялангуяа палестинчуудын эсэргүүцэл нэмэгдсэн энэ үед тактикийн хувьд Палестиныг бүхэлд нь хамгаалах чадвартай" гэж нэмж хэлэв. "Саяхан Газын зурваст түрэмгийлсний дараа бид санаачилгыг гартаа авч, эзлэн түрэмгийлэгч рүү довтолсон" гэж тус хөдөлгөөний төлөөлөгч мэдэгджээ.


Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд тавдугаар сарын 10-наас хойш харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Энэ нь Зүүн Иерусалим хотод дэгдсэн мөргөлдөөнөөс үүдэлтэй. Тодруулбал, тус хотын Шейх-Жарах хорооллын байшингуудыг тэнд амьдардаг араб гэр бүлүүдээс хураан авах Израилын шүүхийн шийдвэрийн улмаас эхэлсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, Израилын талаас 10 гаруй хүн, Палестины талаас 230 гаруй хүн амиа алдсан байна. 


Холбоотой мэдээ