"Уур амьсгалын 7 хоног" цахим үйл ажиллагаа үргэлжилж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-05-18 11:09:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Уур амьсгалын 7 хоног" цахим үйл ажиллагааг БОАЖЯ, тус яамны харьяа байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр "Хүлэмжийн аж ахуй ба тооллого болон Ойн доройтол, ойжуулалт"-ийн талаар танилцуулж байна. Мөн "Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүч" цахим хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Энэ үеэр олон улсын ногоон санхүүжилтийн дэмжлэгээр банк, санхүүгийн байгууллагаас хэрэгжүүлж буй ногоон санхүүжилтийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах боломжтойг БОАЖЯ-наас мэдээлж байна. 




Өнөөдөр ойн өнөөгийн нөхцөл байдал, ойг нөхөн сэргээх шийдлийн талаар хэлэлцэж байна. Монгол орны ой нь Сибирийн их тайгын өмнөд хил болон Төв-Азийн говь, цөлийн шилжилтийн бүсэд оршдог байна. Ойн тархалтын хил зааг дээр ургаж буй ой нь гаднын хүчин зүйлийн нөлөөлөлд эмзэг, сөрөг нөлөөлөлд өртсөн тохиолдолд байгалийн аясаар сэргэн ургах чадавх сул байдаг аж. Манай орны хувьд ойн амьдах орчныг хязгаарлах хүчин зүйл нь ус, чийгийн хангамж бөгөөд үүнээс шалтгаалж ойн түймэр, хөнөөлт шавжийн олшрол нь ойн хомсдол, доройтлын үндсэн шалтгаан болж байна.




Ойн талбайн хомсдолоос сэргийлэхийн тулд ойн түймэр, хөнөөлт шавжид өртсөн болон мод огтолсон талбайд ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд Монгол Улсын хувьд ойжуулалтын ажилд малын бэлчээр сөрөг нөлөө үзүүлж байна. Ойжуулалтын ажлын үр дүнг нэмэгдүүлэхийн тулд ойжуулсан талбайг мал бэлчээрээс чөлөөлөхөөс гадна бортоготой тарьцаар ойжуулалт хийх туршлагыг нэвтрүүлээд байна.




Ойн доройтлоос сэргийлэхийн тулд өтгөн шигүү ургасан ойн сангийн талбайд гэрлийн хангамж, нэг модонд оногдох нөөц, мод хоорондын зайг тохируулах арчилгааг хэрэгжүүлснээр ойн өсөлт, хөгжилтийн үйл явцыг эрчимжүүлэхээс гадна түймэр, хөнөөлт шавжид өртөх эрсдэлийг бууруулдаг байна. Мөн доройтсон хүлэрт намгархаг газруудыг нөхөн сэргээх, өнөөгийн хүлэрт намгархаг газруудыг нөлөөллөөс ангид байлгах нь малчдын амьжиргаанд эергээр нөлөөлөөд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийн асар их нөлөөг бууруулахад томоохон ач холбогдолтой аж.




"Шийдэл олъё" уриан дор зохион байгуулж буй "Уур амьсгалын 7 хоног энэ сарын 21 хүртэл үргэлжлэх юм

Холбоотой мэдээ