Энэ оны эхний дөрвөн сард 16.2 сая мал төллөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-18 11:10:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоолсон 29.7 сая хээлтэгч малын 16.2 сая (54.7 хувь) нь энэ оны эхний 4 сард төллөжээ.


Эм хонины 63.7, эм ямааны 52.7, үнээний 28.5, ингэний 22.8, гүүний 18.9 хувь нь төллөж, гарсан төлийн 95.8 хувь буюу 15.5 сая төл бойжиж байна.


Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (14.1 хувь) саяар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Том малын зүй бус хорогдол энэ оны эхний 4 сард улсын хэмжээнд 1474.3 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 551.2 (59.7 хувь) мянгаар нэмэгдэв. Харин энэ оны 3 дугаар сард 425.7 мянган толгой мал хорогдсон нь эхний 4 сарын хорогдсон малын 28.9 хувийг эзэлж байгаа бол 3 дугаар сард хорогдсон малын тооноос 82.5 (16.2 хувь) мянгаар багасжээ.


Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 811.6 мянга, хонь 506.2 мянга, үхэр 93.7 мянга, адуу 54.2 мянган толгой, тэмээ 8.6 мянган толгой байв. Нийт хорогдсон малын 55.0 хувийг ямаа, 34.3 хувийг хонь эзэлжээ.


Хорогдлыг аймгаар нь авч үзвэл энэ оны эхний 4 сард Баянхонгор аймагт 518.3 (35.2 хувь) мянга, Дундговь аймагт 227.6 (15.4 хувь) мянга, Говь-Алтай аймагт 176.3 (12.0 хувь) мянга, Өвөрхангай аймагт 160.3 (10.9 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 73.4 хувийг эзэлж байна.


Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоолсон 29.7 сая эх малын 396.4 мянга (1.3 хувь) нь энэ оны эхний 4 сард хорогджээ. Говь-Алтай, Дундговь, Баянхонгор аймагт хээлтэгч мал 35.5-149.3 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 70.2 хувийг эзэлж байв. Харин 13.5 мянган толгой хээлтүүлэгч мал хорогдсоны 6.5 мянган ухна, 5.2 мянган хуц, 1.3 мянган бух, 540 толгой азарга, 23 толгой ат аж.


Улсын хэмжээнд 2021 оны эхний 4 сард 4.4 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 17.2 (79.6 хувь) мянгаар багаслаа. Харин энэ оны 4 дүгээр сард 2.2 мянган толгой мал өвчнөөр хорогдсон нь өмнөх сард өвчнөөр хорогдсон малын тооноос 1.1 (97.5 хувь) мянгаар нэмэгдэв. Хорогдсон том малын 0.3 хувь нь өвчнөөр, 18.8 хувь нь аюулт үзэгдлээр, 80.9 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаанаар хорогджээ. 

Холбоотой мэдээ