Олон улсын музейн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-05-18 10:10:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын музейн өдрийг “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье” сэдвийн дор тэмдэглэж байна.


Эл өдрийг Олон улсын музейн зөвлөл (International Council of Museums) нийгмийн хөгжилд гүйцэтгэх музейн үүргийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд 1977 оноос жил бүр шинэ сэдвийн дор дэлхий даяар зохион байгуулж байна.

Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) 1946 онд байгуулагдсан, байгаль, соёлын өвийг судлах, хадгалан хамгаалах, уламжлуулан нийгэмд түгээх үүрэг хүлээсэн, музей болон музейн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн засгийн газрын бус, мэргэжлийн олон улсын байгууллага юм. Өнөөдөр 138 орны 44 686 музейн мэргэжилтнийг нэгтгээд байна. Монгол Улсаас ОУМЗ-ийн гишүүнээр музейн байгууллагаас элсэн 2003 оноос Олон улсын музейн өдрийг музейг удирдах байгууллага ба музейнүүдтэй хамтран тэмдэглэж иржээ.

Олон улсын музейн зөвлөлийн Монгол Улс дахь үндэсний хороо нь 2021 оны байдлаар улс, орон нутгийн музейн захирал, ажилтнуудаас бүрдсэн 33 гишүүнтэй байна.

Цар тахлын хямрал дэлхий дахинд нүүрлэж, хямралаас гарах олон арга хэрэгслийн дотроос амин чухал нь инновацын хурдасгуур болохыг дэлхийн соёлын байгууллагаас тэмдэглэж байна. Дижиталчлал ба соёлын үйл ажиллагааны шинэ хэлбэрүүдийг бүтээж түгээхэд улам их анхаарал хандуулж байна. Тиймээс 2021 оны Олон улсын музейн өдрөөр музейнүүдийг нөхцөл байдлыг мэдэрч, өөрчлөлтийн хөтөч гэдгээ харуулах, нийгэмд гүйцэтгэх үүргийнхээ талаарх төсөөллийг шинэчлэх, соёлын солилцоо энх тайвныг цогцлоох хөдөлгүүр хэмээн хөхиүлэн дэмжих, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна.

Энэ онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн чанартай боловсрол, зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт, тогтвортой хотууд ба хүн амын бүлгүүд, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зорилтуудыг хэрэгжүүлэхэд музейнүүд хувь нэмрээ оруулах юм. Музей олон нийтийн харилцаандаа анхаарал хандуулж, бодит байдал ба дижиталыг хослуулсан соёлын шинэ бүтээгдэхүүнийг туршин бүтээж, хөгжлийн шинэ бизнес загвар ба нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлын инновацлаг шийдлийг буй болгох ба шударга тогтвортой ирээдүйг байгуулахад зайлшгүй үнэ цэнтэй болохоо дахин батлах цаг музейнүүдэд ирлээ.

Олон улсын музейн зөвлөлөөс дэвшүүлсэн 2021 оны “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье” сэдвийн хүрээнд тогтвортой байдал ба нийгэм гэсэн ирээдүйн хоёр гол асуудлын хамт тоон болон олон төрлийн элемент бүхий орчлон ертөнц дэх хүнийг Олон улсын музейн өдрийн зурагт хуудас дээр онцлон дүрсэлсэн байна.


Монголын үндэсний хороо музейнүүдээс 2020 оны Олон улсын музейн өдрийн тайланг авч, нэгтгэн явуулсан бөгөөд ОУМЗ музейн өдрийн интерактив газрын зурагт үйл ажиллагаагаа сурталчилна уу хэмээн дэлхий даяарх музейнүүдэд уриалга дээр Монгол Цэргийн музей ба Баян-Өлгий аймгийн музейн үйл ажиллагааны гэрэл зургийг тайлбарын хамт байршуулж олон улсад сурталчилсан юм. Мөн 2020, 2021 оны Олон улсын музейн өдрийн гарын авлагад Богд хааны ордон музейн 2017 онд Олон улсын музейн өдөр зохион байгуулсан үйл ажиллагааны гэрэл зургийг хэвлэсэн байдаг нь Монголын музейнүүдийн оролцоог харуулсан бодит алхам болсон юм.

Соёлын яамны Соёлын өвийн газар, Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хороо хамтран өнөөдөр онлайн хэлэлцүүлэг зохион байгуулж, музейн ирээдүй, өнөөдрийн нийгэм соёлын өөрчлөлтийг тусгах, маргаашийн музейг бий болгох инновацлаг үйл ажиллагаа, Монголын музейнүүдийн Олон улсын музейн өдрийн үйл ажиллагааны талаар санаа бодлоо солилцох юм.

Холбоотой мэдээ