Олон талт худалдаа, хамтын ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх уриалга гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-18 07:42:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар Олон улсын худалдааны асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын цахим семинарт энэ сарын 17-нд оролцлоо.


Гурван өдөр үргэлжлэх семинарыг Дэлхийн худалдааны байгууллага болон Сингапур Улсын Ражаратнам олон улс судлалын сургуулиас зохион байгуулж байгаа бөгөөд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн гишүүн орон болон Ази, Номхон далайн орнуудын 40 гаруй парламентч оролцож байна.


Бүс нутгийн хууль тогтоогчдыг нэгдсэн ойлголтоор хангах зорилготой уг семинараар Дэлхийн худалдааны байгууллага болоод олон улсын худалдааны өнөөгийн болон ойрын ирээдүйд хэрэгжих хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.


Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Др. Нгози Оконжо-Ивиила, Ражаратнам олон улс судлалын сургуулийн дэд захирал, Элчин сайд Онг Кенг Ён нар мэндчилгээ дэвшүүлсэн бол Сингапур Улсын парламентын дарга Тан Чуан-Жин семинарыг нээж үг хэлэв.


Семинарын үеэр тавьсан “КОВИД-19" цар тахлын дараах дэлхийн эдийн засаг” илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, "Цар тахлын үед олон талт хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү чухал байна. Учир нь дэлхийн улс орнуудад ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр дотоод эдийн засгийн өсөлт буурч, хүн бүр хил нээгдэхийг тэсэн ядан хүлээж, энгийн амьдралдаа эргэн орохыг хүсэж байна" гэлээ. Мөн тэрбээр олон талт худалдаа, хамтын ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, цар тахлыг хамтдаа даван туулах уриалга гаргав.

Холбоотой мэдээ