Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг танилцууллаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-17 15:51:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн хөдөлмөрийн цахим яармагийг хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг эрдэмтэн судлаачдад танилцуулах хэлэлцүүлгээр эхлүүллээ.


ХНХЯ-наас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, зохицуулалтын шийдвэр гаргахад статистик мэдээлэлд тулгуурласан, ирээдүйд бий болох үр дүнгийн тооцоо, судалгаатай байх боломжийг хангахад зориулсан “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг туршилтаар ажиллуулж эхлэв. Системийн динамик загварыг Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр доктор Б.Ууганбаяраар ахлуулсан зөвлөх баг боловсруулжээ.


Энэ нь аливаа бодлого, зохицуулалтын шийдвэрийг гаргаснаар бий болох үр дүн, эрсдэлийг компьютерийн загварчлалын дагуу тооцоолох (симуляци), турших, таамаглал дэвшүүлэх, бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломжтой болгодог. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын шийдвэр гаргахад ашиглахаас гадна үндэсний хэмжээний хөгжлийн бодлого, төлөвлөлт, салбар дундын, бүс нутгийн хэмжээнд шийдвэр гаргахад ашиглах боломжтой.

Түүнчлэн, оюутан, судлаач, иргэдэд нээлттэй байдлаар ашиглуулж, зах зээл, хөдөлмөрийн эдийн засгийн үзүүлэлт хоорондын харилцан хамаарал, тэдгээрийг тооцох аргачлал, математик тэгшитгэл бүхий тооцооллын симуляци хийх ойлголт, мэдлэгтэй болгох, илүү хөгжүүлж ажиллуулах боломжтой аж.


Өнөөдөр нийслэлд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөдөлмөрийн хувийн бирж болон хөдөлмөрийн цахим яармагаар нийт 2896 ажлын байрны захиалга авч, 111 хүнийг ажилд зуучлан, 144 иргэн ажил олгогчтой ярилцлагын цаг товлоод байна. Харин өчигдөр www.expomongolia.org/careerexpo платформоор 27 төрлийн илтгэл, мэдээлэл, цахим хурлыг “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулжээ.


Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ажил хайгч болон гадаадаас эх орондоо ирсэн иргэдэд зориулж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэх “Цар тахлын эсрэг хамтдаа хөдөлмөрийн цахим яармаг-2021”-г  виртуал талбарт энэ сарын 8-24-нд зохион байгуулж байгаа.

Холбоотой мэдээ