Л.Энхсайхан: Вакцины хоёр тунг хийлгэснээс хойш халдварт өртөх эрсдэл буурч байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-17 11:48:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцин хийлгэсэн хүмүүст халдварт өртөх магадлалыг судалсан талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 


Тэрбээр, "Эхний тунгаа хийлгэхдээ халдвар авсан хүн байна. Харин хоёр тунгаа хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан тохиолдол буурч байгаа юм. ХӨСҮТ-д 250 хүний мэдээлэл дээр судлахад вакцинаа хийлгээд 21 хоног дэглэмээ барих шаардлагатай байгаа нь харагдаж байна” гэсэн юм.


Улсын хэмжээнд вакцины эхний тунд 1.7 сая хүн, 18 хүртэлх насны хүмүүсийн 31 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байна. Вакцины нэгдүгээр тундаа хамрагдаад хоёр дахь тунгаа хийлгэх эсэхэд эргэлзэж буй хүмүүс ч байгааг тэрбээр дурдсан юм.  

Тэрбээр мөн, “Вакцины эхний тунг хийлгэхэд хүний биед хамгаалах уураг бага хэмжээгээр үүсдэг. Харин хоёр дахь тунг хийлгэсний дараа цусан дахь хамгаалах уургийн агууламж илүү өндөр болж нэмэгддэг. Туйлын эсрэг заалттай хүмүүст эмнэлгийн магадлагааг гаргахаар ажиллаж байна. Вакцины дараах урвал, хүндрэлээс сэргийлж орон нутагт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүд, нийслэлд I, II, III эмнэлэгт тэдгээр хүмүүст Вероселл вакциныг хоёр тунгаар, эмнэлгийн хяналт дор хийнэ. Вакцин хийлгэсний дараах болон хийлгэхгүй бол ямар эрсдэл гарч болохыг тооцоолсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг ДЭМБ-аас зөвлөсөн.

Вакцин хийлгэсэн ч гэсэн агаарт вирус эргэлдэж буй хэвээр. Вирус хүний биеийн эд, эрхтнийг гэмтээн, бөөр, амьсгал, зүрх, тархины хүндрэл үүсгэх, бие махбод нь хүндэрсэн хүмүүст эд эсийн түвшинд, биохимийн өөрчлөлт үүсгэх эрсдэлтэй. “Ковид-19”-ийн дараах бие сулрах, ядрах, мэдрэлийн ядаргааны өөрчлөлт гарч байгаа учир вирусний халдвараас сэргийлэхэд вакцин хийлгэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай” гэв.

 

Холбоотой мэдээ