"Сайншанд-60” бүтээлч ажлын аяныг зарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-05-13 14:01:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын энэ оны дөрөвдүгээр сарын 23-ны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон Дорноговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын багийн бүрэлдэхүүний өргөтгөсөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар батлагдсан “Бүх нийтээр мод тарих өдөр” болохтой холбогдуулж орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын идэвх, санал, санаачилгыг өрнүүлэх “Ногоон Дорноговь” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Бүх нийтээр мод тарих өдөр “Ногоон Дорноговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Сайншанд-60” бүтээлч ажлын аяны нээлтийг 5 дугаар сарын 14-ний 10:00 цагт хийнэ. 

Мод тарих уламжлалт өдрөөр аж ахуйн нэгж, байгууллагыг тарьц суулгацаа худалдан авах боломжоор хангах, мод суулгац нийлүүлэх, аймгийн Засаг даргын энэ оны А/235 дугаар захирамжийн дагуу Сайншанд сумын нийтийн эзэмшил газарт мод тарих, газрын байршил, усалгаа, арчилгааг хуваарийн дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарлаа  хандуулж ажиллах юм.

Мөн гэр хорооллын хашаанд мод тарих бэлтгэлийг хангаж модны нүх ухсан, цэнэг усалгааг хийсэн айл өрхөд тухайн багийн ажлын албаар дамжуулан таван ширхэг мод үнэгүй олгохоор болжээ.

Сайншанд хот байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайд ил байгаа, овор ихтэй хог хаягдал, овоолсон шороо, барилгын материал, автомашины хаягдал, цементэн хавтан, шон зэргийг зайлуулах, эзэн холбогдогч нарт үүрэг чиглэл өгч ажиллахаар шийдвэрлэжээ

Холбоотой мэдээ