Цагааннуур боомтоор өнөөдрөөс бүх төрлийн бараа бүтээгдэхүүн импортолж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-13 12:53:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор хилийн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт бүх төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг зөвшөөрсөн.

Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн холбогдох төрийн байгууллагууд бэлтгэлээ хангаж, өнөөдрөөс импортын бараа бүтээгдэхүүн хүлээж авахад бэлэн болсон байна.

«Засгийн газраас шийдвэр гарч, сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна. Дээрх шийдвэрээр зөвхөн импорт биш экспорт хийхийг бас зөвшөөрсөн. Өмнө нь зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн, малын тэжээл импортолж байсан юм. Орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг боомтын хяналтын талбайгаас дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачих замаар татан авна» гэж албаны хүн хэллээ.

Гэхдээ ОХУ-ын Ташанта боомтоос Монгол Улсын Цагааннуур боомт хүрэх зам цас орсны улмаас хаагдаж, шатахуун ачсан 14, малын тэжээл ачсан 5, бусад төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан 3 ачааны машин өнөөдөр хоёр улсын хилийн хооронд түр саатаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ