Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн өсөлтийг 6 орчим хувьд тогтвортой барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-13 13:30:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлав.


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөг болжээ. УИХ, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн төсөв, мөнгөний бодлогыг оновчтой болгох, Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Дунд хугацаанд ил тод, цахим төсвийн бодлогын эрс шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, төрийн өмчит компаниудыг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхай, экспорт, ложистикийн татварын орлогыг бүрэн хураан ил тод байдлыг сайжруулж, далд эдийн засгийг хумьснаар татварын бааз суурийг өргөтгөнө. Төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийг дэмжих чиглэлд хийх, өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.


Энэ хүрээнд эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн санхүүжилтийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь тулгуурлаж хуваарилах замаар төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, эдгээр салбарт зарцуулсан төсвийн нэг төгрөг бүрийг үр ашигтай болгоход чиглэсэн багц ажлыг үргэлжлүүлэхээр төсөлд тусгасан байна. Ингэснээр дунд хугацаанд эдийн засаг дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Дунд хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д  эзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон байна.


УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 11-ний хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг гишүүдийн олонх дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Х.Булгантуяа, Ж.Мөнхбат нарын гишүүн асуулт асууж хариулт авсан. 


Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, ойрын гурван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт, төсвийн алдагдал, гурван тэрбум ам.долларын өрийг хэрхэн төлөхөөр тооцсон талаар тодрууллаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтөд хөрш орнуудын эдийн засгийн хөгжлийн бодлого, нөлөөг хэрхэн тооцсоныг асуулаа. Мөн ашиггүй төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарахыг лавлалаа. 


УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүний асуултад хариулахдаа, 2021 онд эдийн засаг 7.2 хувиар, 2022 онд 4.6 хувиар, 2023 онд 6.3 хувиар өснө гэсэн тооцооллыг Сангийн яамнаас гаргасан бөгөөд эдийн засгийн өсөлтийг 6 орчим хувьд тогтвортой барихаар төслийг оруулж ирснийг тэмдэглэв. 


Мөн тэрээр, Хөрш орнуудынхаа эдийн засаг, дэлхийн эдийн засгийн өсөлтийг тооцож хуулийн төслийг оруулж ирснийг онцлов. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засаг дунджаар 6 хувиар өсдөг байсан бол 2021 онд 8.4 хувиар өсөхөөр тооцсон байна. Мөн ОХУ-ын эдийн засаг хоёр хувиар тогтмол өсдөг байсан бол 3.8 хувийн өсөлттэй байхаар тооцоолжээ. Иймд  гол түнш улс орнуудын эдийн засгийн өсөлтөд тулгуурлан тооцоо гаргасныг тодотгов. Хуулийн төслийг боловсруулахдаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан үзүүлэлтүүдэд барихыг хичээсэн байгааг тэмдэглээд, цар тахлын хямралтай байгаа энэ үед Засгийн газар нэлээд хатуу үүрэг хүлээж буйг хэллээ. Тэрбээр, "Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн бүтцийн өөрчлөлтийн талаарх үндсэн чиглэлийг боловсруулж тодорхой хэмжээг нь хувьчлах байх. Гэхдээ бүхэлд нь харлуулж болохгүй. Цар тахлын үед хариуцлагатай сайн ажиллаж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд бий. Гэхдээ шинэчлэлийн арга хэмжээ хийж төрийн албан хаагчдыг хариуцлагатай, ёс зүйтэй, үр дүн гаргаж ажиллах шаардлага тавиад явна. Төрийн өмчит аж ахуйн нэгжид бүтцийн өөрчлөлт хийгээгүй найман жил болсон. Одоо шинэчлэл хийх цаг нь мөн" хэмээлээ. 


Мөн тэрбээр, "Дэлхийн улс орнууд өр барагдуулахдаа тодорхой хугацаанд бонд гаргах замаар шийдвэрлэдэг. УИХ-аас 2019 онд Монгол Улсын дунд хугацааны өрийн стратегийн баримт бичгийг баталсан. Үүнд өрийг хэрхэн барагдуулах талаар тодорхой тусгаж өгсөн. Өрийг барагдуулахдаа, тодорхой хэмжээний бонд гаргаж, нэг хэсгийг нь улсын төсвөөс мөнгө гаргаж төлнө. Зөвхөн бонд гаргаж төлөөд байвал дарамтгүй, нийгмийн олон тулгамдсан асуудлаа шийдэх хэдий ч өрийн хэмжээ буурахгүй. Тиймээс тодорхой хэмжээг нь төлөөд явбал өрийн хэмжээ буурна. Энэ байдлаар стратегийн баримт бичгийг УИХ баталж өгсөн яг түүнийх нь дагуу Засгийн газар ажиллаж байгаа" хэмээн хариуллаа. 


УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, өнгөрсөн намар 2022 оны төсвийн төсөөллөө баталж байх үед эдийн засгийн өсөлт 4.4  хувь гэж тооцож байсныг тодотгоод, одоо 4.6 хувиар тооцож, 1.8 их наяд төгрөгөөр орлого нэмэгдсэн, мөн төдий хэмжээгээр зарлага нэмэгдэж байгааг хэрхэн тооцсоныг лавлалаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулснаар, төсөвт ямар нөлөө үзүүлэхийг асуулаа. 


УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлнө гэж тооцсон. Мөн цар тахлын вакцин гарч үр дүнд хүрснээс үзэхэд эдийн засагт өндөр нөлөө үзүүлнэ гэсэн шалтгаанаар өсөлтийг өөрчилж тооцсон гэдгийг онцлов. Түүнчлэн, цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан үед нийгмийн даатгалын шимтгэл нэмснээр, төсвийн орлогод нөлөөлөхгүйг тэмдэглэв. 2017 онд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орох үед НДШ-ээ нэмэх амлалт өгч байсан ч эдийн засгийн байдал өөрчлөгдсөн гэдгийг тодотгов. 


Ингээд гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналыг гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ