Энэтхэг, Балба, Пакистанаас ирэх гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-05-13 09:51:38

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Энэтхэг, Балба, Пакистанд сүүлийн 14 хоногийн дотор байсан гадаадын иргэдийг баасан гаргаас хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.


Энэтхэгт саяхнаас халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэх болсонд коронавирусний хувилбарууд холбоотой гэж үзэж байгаагаас гадна тэдгээр хувилбар хөрш Балба, Пакистан зэрэг улсад ч тархсан байж болзошгүй хэмээн санаа зовниж байгаа ажээ.


Энэхүү шийдвэр нь байнгын оршин суугчид, тэдний гэр бүлийнхэн, мөн Японоос дахин нэвтрэх зөвшөөрөлтэйгээр пүрэв гараг гэхэд гарсан Японы иргэдийн эхнэр, нөхөр, хүүхдүүдэд хамааралгүй байна. Мөн байнга оршин суух тусгай зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг ч мөн хилээр нэвтрэхийг зөвшөөрнө.


Одоогоор Япон улс 35 орчим улс орон, бүс нутгаас өөрийн орны иргэд, гадаадын оршин суугчдыг “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлан хилээр нэвтрэхийг зөвшөөрч байгаагийн дунд Энэтхэг, Балба, Пакистан багтаж байгаа юм.


Энэхүү жагсаалтад орсон улс орон, бүс нутгаас ирж буй хүмүүс Японд ирснийхээ дараа зориулалтын байрнуудад гурван хоног тусгаарлагдаж байгаа бол дээр дурдсан гурван орноос ирэх иргэдийн хувьд зургаан хоног тусгаарлагдах шаардлагатай болно.


Энэтхэгт лхагва гарагт халдварын улмаас 4205 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 254 197-д хүрсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ тус улс АНУ, Бразилын араас гуравдугаарт бичигдэж байна. 

Холбоотой мэдээ