Иргэн Х.Мөнхбат ундааны савны тагаар хашаагаа чимжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-12 17:39:26

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн иргэн Х.Мөнхбат ундааны савны тагаар хашаагаа чимэглэж, гэр хорооллын бүсэд үлгэр жишээ амьдарч байна. 

Хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдарч буй орчин, хашааныхаа өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор иргэн Х.Мөнхбатын гэр бүл 4000 гаруй ундааны савны таг цуглуулжээ. 

Улмаар 70х70 метр өргөн тавцанд нохой, шувуу, сарнай цэцэг зэрэг амьтан, ургамлын дүрс бүтээж, хашааныхаа гадна хэсэгт байршуулсан байна.

Тэд ундааны савны таг ашиглан хашааг чимэглэх санаачилгыг цахим хуудас (фэйсбүүк)-аар дамжуулан олж, хүмүүсийн ашиглахаа больсон ундааны савны тагийг нэг сарын гаруй хугацаанд цуглуулсан аж. 

Цаашид хашаандаа хүүхдийн тоглоомын талбай хийх, хүнсний ногоо, мод тарих, зүлэгжүүлэх зэрэг ажил төлөвлөсөн байна. Эднийх төв зам дагуу байршилтай газарт амьдардаг учраас иргэд нэлээн сонирхож, судалж байна гэж иргэн Х.Мөнхбат хэллээ. 

Иргэн Х.Мөнхбатын гэр бүл хашааныхаа тохижилтыг хэрхэн сайжруулсан арга туршлагын тухай Ховд.мн сайт анх сурвалжилж, олон нийтэд танилцуулсан юм.   

  

Холбоотой мэдээ