Нүд тайлж, буян хураах аялалд 97 хүн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-20 18:31:50

Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн 25 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрт багтсан ажлуудын нэг болох Итгэлт хамбад “Нүд тайлж, буян хураах” мөргөлийн аялал амжилттай зохион байгууллагдаж, аялалд оролцогчид сэтгэл хангалуун нутагтаа ирлээ.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ аялалд 6-р сарын 12-18-нд 7 хоног үргэлжилж 10-80 хүртэлх насны 97 хүн оролцжээ. Аялагчид олон сайхан газар үзэж, дээдэс багш нарын айлдварыг сонсож нүд тайлан буян хураасандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд өмнөх аялалуудаас онцлог ихтэй байлаа хэмээн сайшаан ярьж байна.

Нүд тайлж, буян хураах аялал Сэлэнгэ, Улан -Үдэ, Зандан зуу хийд, Иволган дацан, Байгаль нуур гэсэн маршрутаар үргэлжилж бурхан шашин хийгээд түүх дурсгалын олон газраар оржээ. Мөн аялалд оролцогч нарт Эрдэнэмандал хийдийн лам хуваргууд Байгаль нуурын эрэг дээр дээдийн номын талаар хичээл орж, хамтаар сүсэглэн, маань хөгжөөжээ.

Өнгөрсөн жилийн аялалыг Эрдэнэмандал хийд дангаараа зохион байгуулж байсан бол энэ удаад Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүсэгтний холбоотой хамтран зохион байгуулжээ. Аяллын гуравдугаар ээлж 8 сард явах юм байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ