Дуучин Дуа Липа “BRIT Awards”-н шагнал хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-12 11:51:04

ЛОНДОН. /BBC/. Поп дуучин Дуа Липа “Их Британийн шилдэг эмэгтэй соло уран бүтээлч”-ийн төрөлд шалгарч, хоёр дахь удаагаа “BRIT Awards”-н шагналын эзэн болжээ.


Энэ төрөлд дуучин Арло Паркс, Селесте Уэйт, Жесси Уэр, Лианн Ла Хавас нар өрсөлджээ. Өдгөө 25 настай Косово гаралтай дуучин Дуа Липа шагналаа гардан авах үеэрээ сувилагч нарын цалинг нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.


Үүнээс гадна дуучин Дуа Липагийн “Future Nostalgia” цомог нь шилдэг цомгоор шалгарчээ. Шилдэг цомог төрөлд энэ жил дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй дуучны уран бүтээл өрсөлдсөний дотор Арло Парксын “Collapsed in Sunbeams”, Жесси Уэррын “What's Your Pleasure?”, Селестегийн “Not Your Muse” цомгууд багтжээ.  


“Их Британийн шилдэг эрэгтэй соло уран бүтээлч”-ийн төрөлд рэпер J Hus  “BRIT Awards”-н шагнал хүртсэн бол поп-трио “Little Mix” хамтлаг “Их Британийн шилдэг хамтлаг” төрөлд шагналын эзэн болсон байна. Энэ шагналын эзэн болсныхоо дараа “Little Mix” хамтлаг хөгжмийн салбар дахь хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг шүүмжилсэн байна. 


“BRIT Awards”-н 41 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Их Британид он гарснаас хойш анх удаа зохион байгуулагдсан олныг хамарсан арга хэмжээнүүдийн нэг болжээ. Хорин мянган хүний багтаамжтай Лондон хотын “O2 Arena” цэнгэлдэх хүрээлэнд коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гаргасан 4 мянган хүн амны хаалтгүйгээр оролцжээ.

Холбоотой мэдээ