Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэлээ хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-12 10:20:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын ус хангамжийн баруун хэсгийн эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах, мөн цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн усыг үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах төслийг хэрэгжүүлнэ.


Төсөл нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих юм. Монгол Улсын Засгийн газар нөхцөл шаардлагыг бүрэн хангасан тул өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд АНУ-ын Мянганы Сорилтын корпорацаас компакт гэрээ хүчин төгөлдөр болж, санхүүжилтийн эрхийг нээжээ. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл бүрэн хангагдаад байна.


Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр ашиглалтад орсноор ус хангамжийн төвлөрсөн системд жилд 50 сая м3 ус нийлүүлэх бөгөөд нийслэлийн баруун хэсэг Туул, Био, Жаргалант тосгон, Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Баянголын амын хэрэглэгчдийг болон шинээр байгуулах Шинэ зуун мод, Майдар хотыг усаар хангах юм.


Түүнчлэн хаягдал усыг дахин боловсруулж, эргүүлэн ашиглах төсөл хэрэгжсэнээр жилдээ 18 сая м3 хүртэл хэмжээний усыг дахин боловсруулж,  Дулааны 3,4-р станцын технологийн хэрэгцээнд нийлүүлнэ. Станцуудын технологийн хэрэгцээнд нийлүүлж байгаа газрын гүний усыг багасгаж,  цэнгэг усны нөөцийг хамгаалах ач холбогдолтой аж.

 

Холбоотой мэдээ