Засмал зам тавих хөрөнгийг улсын төсөвт суулгахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-20 16:29:04

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлийн авто зам дагуух аялал жуулчлалын бүсийн уулзвараас Ханбаянзүрх хайрхан хүртэлх 6.85 км авто зам барих санхүүжилтийг албаныхан 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгахаар болжээ.

Зургадугаар сарын 13-нд Зам тээврийн яамнаас засмал зам барих хөрөнгийг шийдвэрлэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн тухай  мэдээллийг тус аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн байна. Хэрэв 2016 оны төсвийн тодотголд зам барих 4.1 тэрбум төгрөгийг тусгаж баталсан тохиолдолд  Дорноговь аймагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж нэмэгдэх юм.

Өнгөрсөн жилүүдэд Чойр-Сайншанд-Замын-Үүдийн хатуу хучилттай авто зам, Сайншанд- Хамарын хийдийн хатуу хучилттай авто зам  тус тус  ашиглалтад орсон бол Хамарын хийд-Ханбаянзүрх хайрханы чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Дорнын говийг зорих  аялагч жуулчдын хөдөлгөөн, орон нутагт аялал жуулчлалаар олох орлого эрс нэмэгдэнэ гэж орон нутгийнхан нь үзэж байгаа ажээ.

Тус аймаг  жилдээ 100 гаруй мянган аялагч хүлээж авдаг аж.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ