Хүүхэд залуучууд "Тогтвортой хөгжлийн боловсрол-2" төслийг хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-07 18:17:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, БШУЯ хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн хүрээнд зохион байгуулсан цахим үйл ажиллагаанд 21 аймаг, бүх сумын багш сурган хүмүүжүүлэгч, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн Герман, Австрали, Индонези, Европын холбоо, Япон, БНХАУ, АНУ зэрэг улсын төлөөлөл шууд холбогдон илтгэл, мэдээлэл хийж, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хувь нэмрээ орууллаа.


Бүх түвшний сургалтын байгууллагын мэргэжилтнүүд практик хичээлийн туршлагаа хуваалцаж, орон нутгийн болон төвийн сурагч, оюутан залуус сайн туршлага, дадлаасаа танилцуулж, хэнийг ч орхихгүй хөгжих дэлхийн чиг хандлага, соёлд бусдыг уриалав.

Энэхүү чуулган нь Тогтвортой хөгжлийн боловсролыг томьёолох, эрчимжүүлэхэд салбар хоорондын уялдааг нягтруулж, тулгамдсан асуудал, бодит байдлыг нээлттэй хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг, форум тус бүрд санал, зөвлөмж гаргаснаараа онцлог болов.


“Тогтвортой хөгжлийн түншлэл хамтын ажиллагаа” олон улсын виртуал чуулганы үеэр аймаг, орон нутагт хэрэгжиж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн үр дүн, туршлагаас хуваалцлаа. Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Б.Сэрчмаа:- "Хөгжлийн ногоон оффис"-ыг бүтээх явцдаа Тогтвортой хөгжлийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ оффис нь суралцагчид  болон багшийн хөгжлийг дэмжсэн, ногоон худалдан авалтад суралцсан дэлхийн иргэдийг бэлтгэхэд чиглэх юм. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн үр дүнд манай аймаг ногоон худалдан авалтыг дэмжих, ногоон хэрэглээг хэвшүүлэх, эко хэрэглээг төлөвшүүлнэ. 

Орон нутгийн худалдан авалт болон зарим тавилга, эд ангийг хуучин материал ашиглах замаар хийхээр төлөвлөж, ногоон худалдан авалтыг дэмжинэ гэж тооцоолсон. Цар тахлын нөхцөл байдалд уялдуулан цахим платформыг дэмжиж ажиллаж байна. 


Хэнтий аймгийн Боловсролын газрын арга зүйч Д.Болорчимэг: -Энэ төсөлд манай аймгийн 5 сургууль сонгогдож, үйл ажиллагаа явуулж байна. “Хан Хэнтий” цогцолбор сургууль нь “Олон улсын Эко сургууль” хөтөлбөрийн мөнгөн гэрэгэ өргөмжлөлт сургууль болж, ногоон орчинг бүрдүүлэх замаар хог хаягдлын зохистой менежментийг нэвтрүүлж, ногоон ирээдүйг бүтээн байгуулж, орон нутгийн иргэдэд үлгэр жишээ, нөлөөлөл бүхий жишиг сургууль болохыг зорьж байгаа. 


Тус сургуулийн 740 суралцагч, 72 багш, ажиллагсад хог хаягдалгүй эрүүл ногоон орчинд сурч, ажиллах нөхцөл бүрдэхээс гадна зөв хэрэглээний хандлага төлөвших давуу талтай. Хог хаягдлыг эх үүсвэрээр нь ангилж, ялгах зохистой менежмент, хяналтын тогтолцоог бүрдүүлж байгаад олзуурхууштай юм. Дахивар хог хаягдал цуглуулах, хуванцар сав тушаах ажлыг зохион байгуулж, сар бүрийн 26-нд сургууль дээр хүлээн авдаг болсон. 



“Баялаг Хурх” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, сар бүр суралцагчид, эцэг эхчүүд, багш ажилчид, ААН, иргэдээс цуглуулсан хуванцар савыг тушааж байна. Өнгөрсөн хугацаанд 3 удаа, нийт 159 кг хуванцар сав тушаасан. Хөл хорионы нөхцөл байдлын улмаас гэр гэртээ хуванцар саваа цуглуулж байна. Энэ нь багш, ажилчид, олон нийтийн сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа болон тогтмолжиж байна. Дотуур байрныхаа сурагчдыг эрүүл эко хүнсний ногоогоор хангах зорилгоор хүлэмж барьж, ногоо тарьж, сургуулийн эзэмшил газрын  40-50 хувьд ногоон байгууламж байгуулж, 1000-1500 ширхэг үрсэлгээг хийж байна. 


Сургуулиуд өөрсдөө хүлэмжинд ногоо тарьж, сурагчдыг амьдрах ухаанд суралцуулж, эко иргэдийг бэлтгэж эхэлжээ.




Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын сургалт, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дашням: -Манай аймаг 90 гаруй мянган хүнтэй. Эрдэнэтийн 4 болон 15 дугаар  сургуульд өв соёл, уламжлал, эрүүл, аюулгүй, ногоон орчинг бүрдүүлэх, 5 болон 14 дүгээр сургуульд зохистой хэрэглээ, амьдралын хэв маягийг төлөвшүүлэх төсөл хэрэгжиж байна. "Монгол хүүхэд - Миний соёл" сургуульд суурилсан хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнтэй болно. Төслийн үр дүнд гарах өөрчлөлт гэвэл юуны түрүүнд сургуулийн доторх агаарын чанар сайжирч, хүүхдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчинд суралцах идэвх дээшилж, сурлагын чанарт ахиц амжилт гарна. 

“Эрүүл-Аюулгүй-Ногоон орчин” бүрдэхийн зэрэгцээ хүүхдийнх нь эрүүл мэндийг хамгаалснаар эцэг, эх, асран хамгаалагчдын сэтгэл ханамж, ажлын бүтээмж сайжирч, эдийн засаг нийгмийн бүхий л орчинд өөрсдийн байр сууриа нэмэгдүүлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд илүү таатай болох юм. Бид өвлийн хүлэмж барьж, тэнд ажиллах хүмүүсийг чадавхжуулан мэргэшүүлж байна. Ингэснээр байгаль, экологийн мэдлэг, хандлагатай иргэдийг бэлтгэнэ. 


Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Б.Сайнсанаа: -Манай аймгийн Жаргалант сумын 1 болон 2 дугаар сургууль, Буянт, Мөнххайрхан сумын  ЕБС-д “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төсөл хэрэгжиж байна. Олон ястны өлгий аймгийн хувьд ястны өв, соёлыг үлдээх, тухайлбал, урианхай түмний ёс, зан заншил, өв уламжлал, соёл урлаг, байгалийн төрөл зүйлийг хадгалж, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлан, сэргээн хөгжүүлэхээр болсон. Монгол орны улаан номд орсон балгана модыг үржүүлж, сургуулийн ногоон байгууламж бий болгож, туршилтын болон цаг уурын ажиглалтын талбайд туршилтын хичээл явуулах орчин бүрдүүлнэ. Өв соёлын өргөө, ажиглалт туршилтын талбай байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 0.5 га газрын цементийг хуулж, гэрийн буурь бэлтгэх ажлаа эхлүүлсэн.


Цаасны хэрэглээг 60 хувь хүртэл багасгаж, цахим хэрэглээг нэмэгдүүлнэ. 981 сурагч, 92 багш, 1624 эцэг, эх  усны зөв хэрэглээнд суралцаж, сургуулийн орчин дахь усны алдагдлыг 100 хувь арилгах, зөв хэмнэлтийг аймгийн төвийн 7 сургуулийн  7000 сурагчид сурталчлан таниулж байна. 



Холбоотой мэдээ