Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-07 12:14:12

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/231 тоот захирамжаар "Хог хаягдлын менежментийг сайжруулах" дэд хөтөлбөр боловсруулах ажлын багийг байгуулан ажиллаж байна. 

Ажлын баг аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийг ‘’Алсын хараа 2050’’ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлого, Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулж  байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь: Иргэдийн хандлага, сэтгэлгээг өөрчилж, тэдний оролцоог нэмэгдүүлэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, орон нутгийн онцлог болон нөөц боломжид нийцсэн цуглуулах, зайлуулах, дахин ашиглах дэд бүтцийг бий болгох замаар хог хаягдлыг бууруулж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд  ээлтэй нөхцөлийг бүрдүүлэх юм.

Хөтөлбөр 4 зорилттой, 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд иргэдийн хог хаягдлын талаарх ойлголт, мэдлэг сайжирч, зөв дадал, хандлага төлөвшин, цуглуулах, зайлуулж устгах, дахин ашиглах дэд бүтцийг бий болгож, эрүүл аюулгүй орчин бүрдэнэ.

Дэд хөтөлбөр боловсруулж байгаатай холбогдуулан иргэд олон нийтийн санал асуулгыг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар гэсэн пэйж хуудсаар цахимаар авч байгаа аж. Одоогийн байдлаар хөтөлбөрийн боловсруулалт 70 хувьтай явж байна.

Холбоотой мэдээ