Малчдын 30 орчим хувь нь ноолуураа 110-118 мянган төгрөгөөр борлуулжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-05 13:32:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зарим суманд ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил эхэлсэн. Одоогийн байдлаар ноолуур 110-118 мянган төгрөгийн үнэтэй байна.  

Ховд аймгийн 17 сумын 91 багт 8000 гаруй малчин өрх бий. Одоогоор тус аймгийн нийт малчдын 30 орчим хувь нь уг үнэ ханшаар ноолуураа худалдан борлуулсан гэж Ховд аймгийн түүхий эдийн бизнес эрхлэгчдийн тэргүүн Ж.Батсайхан мэдээллээ. 

Орон нутагт хязгаарлалтын дэглэм, хатуу хөл хориог сулруулсны дараа ноолуурын үнэ буурах магадлалтай. Иймээс Ховд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл олгосны дагуу түүхий эдийн зарим бизнес эрхлэгчид хөдөө орон нутаг руу зорчиж, малчдаас ноолуур авч байна.

Мөн зарим бизнес эрхлэгч малчидтай цахимаар холбогдож, харилцан итгэлцлийн хүрээнд хүнс тээврийн машинаар дамжуулан ноолуур авч, халдвар хамгааллын дэглэм баримтлан солилцож байгаа аж.

Ховд аймгийн хэмжээнд“Ойрадын таван эрдэнэ” ХХК-д бүртгэлтэй түүхий эдийн бизнес эрхлэгч 100 гаруй хүн бий. Тэд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунг хийлгэжээ.   

Холбоотой мэдээ