2.163 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ашиглалт, хамгаалалт хангалтгүй байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-05-05 13:03:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас тус аймгийн 9 гайхамшгийн нэг, байгалийн үзэсгэлэнт газар Сүм хөх бүрдийн бүтээн байгуулалтын ажлын үр дүн, орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд үнэлгээ хийлээ.

Сүм хөх бүрдийг сэргээх, жуулчдын аялах орчныг сайжруулах зорилгоор 2015 онд ОНХС-гийн 2.163 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийсэн ба дээрх ажлын багаас өнгөрсөн хугацаанд энэхүү бүтээн байгуулалтын ашиглалт, хадгалалт хамгаалалт хангалтгүй байсан дүгнэлт гаргасан байна.

Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус бүтээн байгуулалтын ашиглалт хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх, аймаг орон нутагт үр ашигтай байдлаар ажиллуулах талаар ажлын багт чиглэл өгчээ.

Говийн ганц бүрд гэгдэх түүх соёлын үнэт өвийн дурсгал болсон байгалийн үзэсгэлэнт газар Сүм хөх бүрд Дундговь аймгийн төвөөс баруун хойш 70 км-т Адаацаг сумын нутагт Бага газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газраас 18 км-т оршдог.

Сүм хөх бүрдийн нуурын зэгсэнд орсон бод мал үзэгддэггүй, зундаа хун, галуу, ангир ирдэг байсан гэдэг. Нутгийн хөгшид нуурыг хөлгүй нуур ч гэж ярьдаг байж.

Нуурын дунд орших жижиг арал дээр XVI-XVII зууны үед барьсан чулуун цайзын туурь байдаг нь хол, ойрын зочдын сонирхлыг ихээхэн татдаг онцлогтой.

Энэхүү туурийн өндөр нь 7-8 метр, өргөн нь 10 метр, урт нь 25 метр. 150 сантиметрийн зузаан ханатай дөрвөн хэсэг бүхий том цайз юм. Хамгийн сонирхолтой нь энэхүү барилгыг барьсан материал нь байгалиасаа хэвлэчихсэн гэлтэй өөгүй, тэгшхэн хавтгай чулуу байдаг юм.

Анх XVI зууны үед Төвөдийн нэг ноёны хүү ирж, монголчуудаар бариулсан боловч барилгын нурууг нь барьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцжээ. Ийнхүү оройгүй сүм үлдэж, хожим хэд хэдэн удаа дээвэр хийсэн боловч тухай бүр нь аянга бууж эвдэрсэн учир дээвэргүй үлдсэн гэх домог байдаг.

1990 оноос өмнө буюу социализмын үед Сүм хөх бүрд нуурын дэргэд амралтын газар, “Бүрдийн уянга” хүүхдийн зуслан барьсан нь одоо ч үйл ажиллагаагаа явуулдаг.

Нуурын усыг гурван горхи сэлбэж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ганц нь л үлдэж усны түвшин ихэд доошлон, жил ирэх тутам ширгэсээр байгаа. Нуурын урд талд Үүдэн булгийн рашаан ундардаг.

Энэхүү барилгын туурьд Ноён хутагт Д. Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байж. Энэ чулуун цайзын туурийг 1998 оноос улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

2015 онд хийсэн дээрх бүтээн байгуулалтаар Сүм хөх бүрдийн гадна талаар хашаажуулан хамгаалж, цэвэр, бохир усны хоолой, гүний худгууд, хиймэл нуур, түүхийн музей, задгай шилэн тайз, 80 авто машины зогсоол, дөрвөн метр хүрхрээ, волейбол, сагсан бөмбөгийн талбай, амралтын гэр, явган хүний зам зэрэг олон бүтээн байгуулалтыг үе шаттай хийснээр нуурын өнгө үзэмж, усны түвшин тухайн үедээ сайжирсан гэж үздэг.

Бүтээн байгуулалт, тохижилтыг хийхдээ хуучин нуурыг сэргээж, нуурын дотор хийсэн усан завины сувгийг байгалийн чулуугаар доторлож, явган хүний замыг ч байгалийн чулуугаар хийсэн байна.

Сүмийн чулуун туурийн дэргэд Музейн барилга, нуурын эрэгт Сүмэн орой бүхий ресторан, үйлчилгээний барилга барьж, хажууд нь жуулчдад зориулан долоон бурхан одны байршлаар долоон гэрийн шал цутгажээ.

Үйлчилгээний барилгаас цааш усан завины эхний зогсоол хийсэн бөгөөд чулуун хашлага бүхий нэг км шахам усан замын эцэс дэх сүмийн дэргэд хоёр дахь зогсоол барьжээ. Амралтын талбай, нуурын эргээр тойрох явган хүний замыг мөн байгалийн чулуугаар хийж бүх даланг эко хавтангаар бүрж тохижуулсан байжээ. 

Холбоотой мэдээ