АХБ-наас 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-04 18:46:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банкны “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ


Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран КОВИД-19 цар тахлын эсрэг ажиллах, эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт ачаалал, дарамт ирэхээс сэргийлж бусад чухал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулсан. Хөтөлбөрийн хүрээнд 156.4 сая ам.долларын хоёр төсөл, төсвийн дэмжлэгийн нэг хөтөлбөр байна. Харин 2021 онд 100 сая ам.долларын эх үүсвэр бүхий төсвийн дэмжлэгийн хөтөлбөр болон 40 сая ам.долларын эх үүсвэр бүхий цар тахлын эсрэг вакцин худалдан авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.


Мөн цар тахлын үед нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах ажлын хүрээнд хүүхдийн мөнгийг нэмж, 2021 оны 7 дугаар сар хүртэл олгох ажлыг дэмжих зорилгоор 73 сая ам.долларын болон нийгэм хамгааллын хоёр төслийг батлуулахаар төлөвлөжээ. “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг баталснаар Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 170 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг олгох юм. Зээлийг төлөх хугацаа 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх бөгөөд хүү 2 хувь байна.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг төсвийн урсгал зардалд зарцуулахгүй байхад анхаарах ёстой сануулж, дахин бонд босгож, зээл авах эсэхийг тодрууллаа.


Азийн хөгжлийн банкнаас авах зээлийг төсвийн дэмжлэг болон цар тахлын эсрэг вакцин худалдан авахад зарцуулна. Гадаад өрийг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барьж байгаа учраас тодорхой зохицуулалт хийнэ гэдгийг Сангийн сайд хариултаа онцлов. Уг төслийг  байнгын хорооны гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ.

Холбоотой мэдээ