“Эрдэнэт” үйлдвэр зэс хайлуулах Финляндын “Оутокумпу” технологийг сонгон туршиж байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-04 17:31:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үндэсний баялгийн ордуудаа эргэлтэд оруулж, зэс хайлуулах үйлдвэр барих тухай тусгаж хэрэгжүүлэхээр болоод буй. 

Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Цагаан суваргын зэс, молибдений ордыг ашиглалтад оруулна гэж тусгасан. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна гэсэн бий. Улмаар үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, Оюутолгойн ордыг түшиглэн зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгасан.


Манай улсад Эрдэнэт болон Цагаан суваргын зэс-молибден, мөн Оюутолгойн зэс, алтны орд газрын зэсийн хүдрийг олборлон боловсруулж экспортлохын зэрэгцээ зэсийн баяжмалыг боловсруулахаас гадна зэс хайлуулж цэвэршүүлэх үндэсний үйлдвэр барьж байгуулахад үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах нөөц бололцоо, таатай боломж бийг эрдэмтэн мэргэжилтнүүд олон жил хэлж баталсаар ирсэн. 

Олон улсын практикт зэс хайлах үйлдвэрийг зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн дэргэд буюу дэд бүтэц сайтай газар байгуулах нь эдийн засгийн хувьд өндөр өгөөжтэй гэж үздэг байна. 

Зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадал эхний ээлжинд 60-80 мянган тонн цэвэр зэс байж, түүнийгээ цаашид өргөжүүлж 120-130 мян.тонн болгох саналыг уул уурхайн мэргэжилтнүүд тухайн үед тавьж байв. Түүнчилэн зэс хайлах сонгосон технологийг Монголын нөхцөлд нутагшуулах, хөрөнгө оруулалтын хэмжээг оновчтой байлгах, бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр борлуулах, урт хугацааны худалдан авагчыг сонгон олж нягт хамтран ажиллах нь ач холбогдолтойг онцолж байв.


“Эрдэнэт” үйлдвэрийн гаргаж байгаа зэсийн баяжмалыг пирометаллургийн аргаар хайлж цэвэр зэс үйлдвэрлэх хамгийн тохиромжтой технологи нь “Flash Smelting”  зарчмаар ажилладаг “Оутокумпу” процесс болно гэдгийг Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн, МҮХАҮТ-ын Экспортын зөвлөлийн дарга, уул уурхайн зөвлөх инженер, доктор, профессор Д.Галсандорж хэлж байв.  Технологийн сонголт нь зэсийн орд газрын хүдрийн болон зэсийн баяжмалын агуулга, чанар,  түүний дайвар бүтээгдэхүүн, тухайлбал алт, зэс, молибден болон хорт хольцын химийн шинж чанар зэргээс ихээхэн хамаардаг байна.

“Эрдэнэт” үйлдвэр “Оутокумпу” флаш смелтинг “Flash smelting” технологийг өмнө нь сонгож, тус үйлдвэрийн зэсийн баяжмалд хагас үйлдвэрлэлийн туршилт хийж, энэ технологи тохирох талаар урьдчилсан дүгнэлт гарч байжээ.  



Ази тивийн зэсийн зах зээлийн эрэлт хэрэгцээг сайтар судалж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг үзэж үйл ажиллагаатай нь танилцаж, ингэснээр өөрийн орны экспортод гарах өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн хүчин чадлыг оновчтой тодорхойлж, нэр төрлийг үе шаттайгаар олшруулах арга хэмжээ авах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.  Дэлхийн зэсийн үйлдвэрлэлд тэргүүлэгч, дэлхийн олон оронд ажиллаж байгаа Финляндын “Outokumpu Flash smelting” болон Австралийн “Ausmelt” технологиудын техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалж, технологийн сонголт хийх. Сонгосон технологиор зэс хайлах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г боловсруулах. Энэ үндсэн дээр зэс шинээр хайлах үйлдвэрийг барих  байршил болон хүчин чадлыг оновчтой сонгохыг салбарынхан хэлж байна. 





Холбоотой мэдээ