Ц.Мөнхбат: Үндэсний бичиг үсгээ сурч, эзэмшин, өөрийнхөө өв соёлд эзэн байя

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-05-03 19:13:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг угтан Дундговь аймгийн Хэлний бодлогын зөвлөлөөс олон үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг эх хэл бичиг, үсгээ эрхэмлэн дээдлэх, сурталчлах, олон түмэнд таниулах зорилгоор "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ өдөр аймгийн Засаг дарга, Хэлний бодлогын зөвлөлийн дарга Ц.Мөнхбат иргэдэд хандан хэлсэн үгэндээ “Дундговь аймаг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр батлан үндсэн 4 зорилтын хүрээнд 20 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Үүнд: нэгдүгээрт: Монгол бичгийн хэрэглээний орчныг бүрдүүлнэ, хоёрдугаарт монгол бичиг сургах ажлыг эрчимжүүлнэ, гуравдугаарт: албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах төрийн байгууллагын тоог нэмэгдүүлнэ, дөрөвдүгээрт монгол бичгийн сургалт, судалгаа, сурталчилгааны агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгоно гэсэн зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд 2021 оны ажлын төлөвлөгөөг гаргаж, сум байгууллага бүр монгол бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын баг томилон хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тухайлбал, байгууллагын бүх удирдлага, албан хаагчдаас монгол бичгийн гарааны шалгалт авч, улирал бүр ахицыг үнэлэх, сум бүр гудамж, байгууллагын хаяг, бэлгэ тэмдэг, нутаг дэвсгэрийн зааг дахь самбар зэргийг кирилл болон монгол бичгээр хослуулан бичиж байрлуулах, байгууллага хамт олноороо монгол бичиг сурах аян, хөдөлгөөн өрнүүлэх ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байна.

Хамгийн үр дүнтэй хэрэгжиж байгаа ажил бол Ардын багш Д.Төмөртэй хамтран аймгийн нийт төрийн албан хаагчдад цахим сургалт зохион байгуулж байгаа явдал юм.

Ингээд 2021 оны эцэст аймгийн хэмжээнд “Үндэсний бичигтэн сум”, “Үндэсний бичигтэн байгууллага”, Үндэсний бичгийн шилдэг сургагч багш”, Үндэсний бичигтэн шилдэг төрийн албан хаагч” зэргийг шалгаруулж, амйгийн Засаг даргын нөөц сангаас 8750,0 төгрөгийг гаргана.  

Монгол үндэстэн оршин тогтнох соёл сэтгэлгээний баталгаа болсон бичиг үсгээ сурч эзэмших, судлан сурталчлах түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь монгол хүн бүрийн төдийгүй, дэлхийн хүн төрөлхтний өмнө бидний хүлээж байгаа үүрэг мөн, тиймээс нийт иргэд, төрийн албан хаагчид, хүүхэд залуучууд та бүхэндээ үндэсний бичиг үсгээ сурч, эзэмшин, өөрийнхөө өв соёлд эзэн байхыг уриалж байна”.

Холбоотой мэдээ