Л.Энхсайхан: “Вероселл” вакциныг жирэмсэн хүнд тарихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-03 12:35:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Вероселл вакциныг жирэмсэн хүнд хийхийг хориглосон заалттай бол хөхүүл хүнд хийж болохыг ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэв.

Гэхдээ тэрбээр, жирэмсэн хүнд хийхийг уг вакцины эсрэг заалтад оруулсан нь энэ талын мэдээлэл нь харьцангуй дутуу судлагдсантай холбоотой болохыг тодотголоо. 

Харин “Файзер вакцины эхний тунг хийсний дараа харшил илэрсэн бол эсрэг заалттай гэсэн үг юм. Одоогоор мэдээлэл нь бүрэн гүйцэд судлагдаагүй учир жирэмсэн, хөхүүл эхчүүдэд  эмчийн заавраар хийж байгаа. 16-аас дээш насны хүнд энэ вакциныг хийж болно.

Синофарм үйлдвэрийн вакцины тухайд уг вакцины найрлагад орсон бодист харшилтай, уналт таталт өгдөг бол эсрэг заалттай. Гэхдээ сүүлийн нэг жилд уналт таталтын сэдрэл өгөөгүй бол тариулж болно. Ер нь, архаг хууч өвчний хэт сэдрэлийн үед байгаа бол болохгүй, харин намжмал үедээ байвал вакцин хийлгэх нь зүйтэй.        

“Спутник V вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийж болох эсэх мэдээлэл одоогоор байхгүй, судалгаа нь үргэлжилж байна. Энэ нь хос вектор агуулсан вакцин тул Астразенека”-гийн вакцинтай үйлдэл нь харьцангуй төстэй.

Тэрбээр, “Спутник V вакцины хувьд манай улсад маш цөөхөн буюу хэдхэн цагийн дотор хийж дуусахаар 20 мянган тун ирж буй. Мөн хоёрдугаар тун ирэх хугацаа нь хойшилж ч магадгүй байна. Үйлдвэрлэгчээс ирсэн зааварт тун хоорондын хугацааг 21-90 хоног хүртэл гэж заасан. Энэ нь заавал Спутник V вакцин хийлгэнэ гэж хүлээж байгаа иргэдийн хувьд хоёрдугаар тунгаа авч амжаагүй үедээ халдварт өртвөл хэр хүндрэх эрсдэл нь хүн бүрт харилцан адилгүй байна гэсэн үг. Тиймээс вакцинд хамрагдахаасаа өмнө энэ эрсдэлийг тооцож үзэх нь чухал" хэмээв.

Холбоотой мэдээ