ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яам ажилтнуудаа цомхотгохоор болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-30 16:27:20

МОСКВА. /RT/. ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яам /ЭСЯ/ гадаадын иргэдийг гэрээгээр ажиллуулахыг нь хориглосонтой холбогдуулан Консулын газрын ажилтнуудаа 75 хувиар цомхотгохоор болжээ. Энэ тухай дипломат төлөөлөгчийн газрын цахим хуудаст нийтлэгдсэн мэдээнд дурдсан байна.


"ОХУ-ын Засгийн газрын үйлдлүүд биднийг консулын газрын ажилтнуудаа цомхотгоход хүргэсэнд бид харамсаж байна. АНУ-ын иргэдэд аль болох олон үйлчилгээ үзүүлэхийг хичээнэ" гэж мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын ЭСЯ мөн ажилтнуудад нь хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор тавдугаар сарын 12-ноос консулын үйлчилгээний тоог цөөрүүлж байгаагаа мэдэгдсэн байна. 


Түүнчлэн визнийх нь хугацаа дууссан америкчуудыг зургаадугаар сарын 15-ны дотор ОХУ-аас гарахыг зөвлөжээ. "Хэрэв та ОХУ-д оршин суудаг АНУ-ын иргэн бөгөөд таны визний хугацаа дууссан бол ОХУ-ын Засгийн газраас тогтоосон хугацаа буюу зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө ОХУ-аас гарахыг зөвлөж байна" гэж  мэдэгдэлд дурджээ.


Холбоотой мэдээ